• 12 сарын 23, Даваа гараг
ОРОН НУТАГ ДАХЬ АВЛИГЫН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ, АВЛИГААС АНГИЖРАХ АРГА ЗАМЫГ ТОДОРХОЙЛНО
316 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрөгч амралтын өдрөөр Азийн  сангийн санхүүжилтээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан/ЛЭОС/ ТББ-ын Баянхонгор аймаг дахь салбараас “Хариуцлагатай төр, авлигагүй нийгмийн төлөө иргэний хяналт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Төрийг хариуцлагатай болгоход хяналт чухал. Төр өөрийгөө хянаж чадахгүй байна гэж ярьдаг. Тиймээс төрд хяналтыг тавьж үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод болгоход иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэй гэж үздэг байна. Энэ хүрээнд дээрх хэлэлцүүлгийг ЛЭОС-гаас 12 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсны нэг нь Баянхонгор аймаг болж байна. Хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн ЛЭОС-гийн тэргүүн Д.Энэбиш, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алтанцэцэг, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын тэргүүн Ж.Дуламсүрэн, Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцлоо.

 

Хэлэлцүүлгээр төрд авилга үнэхээр байна уу, байгаа бол тэр нь яг юунаас үүдэн бий болж байна, төрийн аль хэсэгт их байна, авилгаас ангижрах, үгүй болгохын тулд ямар арга хэмжээ авах ёстой гэдэгт хариу өгөхийг эрмэлзжээ.

 

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид авлига байна уу гэдэг асуултад дуу нэгтэйгээр тийм гэсэн хариултыг өгч байв. Гэхдээ дам байдлаар сонссон, тэгж ярьж байсан гэдэг хариултыг өгч байсан нь авлига далд хэлбэрээр явж байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хот – Азийн Сан, Сант Марал сангийн хамтарсан 2916 оны  “Авлигын талаархи олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох” 17-р судалгааны дүнгээс зарим мэдээллийг онцоллоо.

Тухайлбал, авлига олон нийтийн хувьд тулгамдсан асуудал хэвээр байгаа нь харагджээ. Судалгаанд оролцогчдын 65 хувь нь “авлига манай улсад тогтсон заншил болсон” гэж үзжээ. Үүнийг хэлэлцүүлэгт оролцогчид мөн хүлээн зөвшөөрч байв.

 

2016 оны судалгааны үр дүнгээр улс төрийн хүрээний авлигын асуудал хурцаар гарч иржээ. 2006 оноос хойш хийгдсэн судалгаанд анх удаагаа авлигад хамгийн ихээр өртсөн газрын жагсаалтын нэгдүгээрт улс төрийн намууд орсон байна. Энэ жагсаалтыг газрын алба тасралтгүй тэргүүлж ирсэн юм. Өнгөрсөн жилийн судалгааны дүнтэй адил авлигад хамгийн их өртсөн таван байгууллагын гуравт нь улс төрийн намууд, УИХ, засгийн газар оржээ. Энэ гурвын байр 2010 оны судалгаанаас хойш тогтвортойгоор урагшилж ирсэн байна.

 

Харин Баянхонгор аймгийн хувьд ажилд орох, төрөөс зайлшгүй авах ёстой үйлчилгээг авахын тулд авилга өгөх шаардлагатай болдог тухай ярилаа. Өрхийн төлж байгаа жижиг хээл хахуулийн дундаж хэмжээ 2015 оны 3 дугаар сард 277,000 төгрөг байсан бол 2016 оны 3 дугаар сард 336,000 төгрөг болж өссөн байна. Гэвч энэ нь хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны тоо, ажилд горилогчдын тоотой харьцуулахад хангалтгүй байгаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутай холбон тайлбарлаж байлаа. Хэдийгээр албан тушаалтан авахыг хүсээгүй ч иргэд өөртөө давуу байдлыг бий болгох үүднээс авлига өгөх болдог байна. Тиймээс авлигыг бууруулахын тулд төрөөс нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтийг хийлээ.

 

Авлига авч буй талын асуудлыг хөндөхийн сацуу  үүнтэй эн зэрэгцүүлж өгч буй талыг авч үзэх шаардлага байна. Өөрөөр хэлбэл нийгмийг соён гэгээрүүлэх, ёс зүйн наад захын зарчмуудыг нийгмээрээ дагаж мөрддөг байхад анхаарч ажиллахын чухлыг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Өнөөдөр авилга гэж яг юуг хэлэх, талархсан сэтгэлээ илэрхийлж өгч буй бэлэгийг авлига гэж үзэх үү, үгүй юу гээд авлигын тухай хууль эрх зүйн болон ёсзүйн ойлголтыг иргэдэд ойлгомжтой болгож өгөх шаардлага ч байгааг хэлж байлаа.

 

Дээрх судалгаанаас харахад 2015 оны судалгааны үр дүнтэй адил судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь сүүлийн гурван жилд авлига нэмэгдсэн гэж үзэж байна (2015 онд 59 хувь, 2016 онд 58.8 хувь). Харин ирэх гурван жилд авлига багасна гэсэн өөдрөг үзэл нэмэгджээ. Энэ нь Шилэн дансны тухай хууль, Ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой гэж үзсэн байна. Төрийн байгууллагууд өөрсдийн батлагдсан төсөв, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод болгосноор иргэдийн дунд байдаг хардалт буурч, байгууллагын санхүүгийн ил тод байдал сайжирсан байна. Гэвч тухайн байгууллагын санхүүгийн талаарх нээлттэй мэдээлэлд иргэд дүн шинжилгээ хийх боломжгүй, тийм хэмжээний мэдлэг дулимаг байгаа гэдгийг хэлж байна. Тиймээс энд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн шинжээчдийн хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн талаарх мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар задалж, иргэдэд хүргэх ажил чухал гэв.

 

Олон жилийн турш хардалт, хэл ам араасаа дагуулж ирсэн нэг асуудал бол тендр. Тендр тойрсон маргааныг нэг мөр шийдвэрлэхэд мэдээллийн ил тод байдал чухал гэж үзлээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газар холбогдох хуульд заасны дагуу мэдээллийг олон нийтэд түгээж байгаа ч тэр нь хангалтгүй гэж иргэд үзэж байна. Нөгөө талаар тухайлсан тендрийн дараах үр дүн хангалтгүй буюу тендрт ялсан компани тендрийнхээ нөхцөл, шалгуурыг хангасан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нийлүүлж чадахгүй байгааг хэлж байлаа. Тиймээс тендрын тухай хууль журам, тодорхой нөхцөл, шалгууруудад цаашид анхаарах зүй ёсны шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. 2016 онд Баянхонгор аймагт 83 удаагийн худалдан авах ажиллагаа явагдсан байна. Иргэний нийгмийн байгууллагууд гурван худалдан авах ажиллагааг сонгож мониторинг хийхээр болжээ.

 

Ер нь төрд байгаа авлигатай холбоотой, тэр дундаа анхан болон дунд шатны нэгжид буй авлигын оролдлого, хэлбэрийг арилгахад ажилтан, албан тушаалтны оролцоог багасгах шинэ техник, технологи нэвтрүүлэх мөн шинээр баталсан "Шилэн дансны хууль" зэргийг авлигын эсрэг үр дүнтэй санаачилга гэж үзжээ.

 

ЛЭОС-гийн зүгээс ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл энэ чиглэлийн судалгаа, мониторингийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд фокус бүлгийн ярилцлага, телевизийн шууд нэвтрүүлэг зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, нэгдсэн дүгнэлтийг Баянхонгор аймгийн төр, захиргааны байгууллагын авлигын эсрэг чиглэсэн бодлогын баримт бичигт тусгуулахаар хүргүүлэх аж. 

2016-11-07 04:19:24