• 12 сарын 23, Даваа гараг
Баянхонгорчууд “Тариа буудайгаа тархиндаа ургуулж” байна
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилгаар анх удаа аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Газар тариалан эрхлэгчидтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт ярилцлагад санаачилагч, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 20 сумын Засаг дарга, газар тариалан эрхлэгч ААН, тариаланчдаас бүрдсэн 60 гаруй хүн хамрагджээ.

 

Зөвлөлгөөний эхэнд Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн түвшин, тариалангийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр  агрономич Г.Жигжидсүрэн мэдээлэл өглөө.

 

Баянхонгор аймгийн хэмжээнд 48 ААН, 561 иргэн газар тариалан эрхэлдэг аж. Гэвч энэ тоо нийт хүн амын тоотой харьцуулахад хангалтгүй тул цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр мэдээлэлдээ онцоллоо. Тиймээс энэ цаг үед сүүлийн хэдэн жилд огт хийгдээгүй уулзалт, зөвлөлгөөнийг аймгийн Засаг дарга санаачилсанд тариалан эрхлэгчид талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Аймгийн Засаг дарга  Г.Батжаргал, “Бид 2012-2020 он хүртэлх аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт газар тариаланг онцлон тусгаласан байгаа. Өвөлжилтийн бэлтгэлийг намраас хангадаг шиг хаврын тариалалтын асуудлыг ийнхүү өвөл хэлэлцэж байгаа нь газар тариаланчдын хувьд чухал. Тиймээс өнөөдрийн уулзалтыг хийж байна. Аймгийн Засаг даргын зүгээс та бүхнийхээ тулгамдаж буй одоогийн бэрхшээл, цаашид газар тариаланг хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой талаарх санал бодлыг сонсохын зэрэгцээ Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэ талаар ямар ажлууд туссан талаарх мэдээллийг өгөхийг чухалчиллаа. Энэ утгаараа өнөөдрийн уулзалт зөвлөлгөөнийг “Тариа буудайгаа тархиандаа ургуулах” үйл явц гэж дүгнэж болох юм” гэлээ.

Аймгийн Засаг даргын Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд хэд хэдэн ажил туссан байна. Тухайлбал, Баацагаан сумын Хөх-Эрэгийн услалтын системийг шинэчлэн завсарлах, Өлзийт сумын Бумбатын услалтын системийн зураг, төсвийг хийдгэх, Галуут сумын Мандал багийн Талын толгойн услалтын системийн найман километр цахилгааны шугамыг шинээр барьж, усалгааны бороожуулагч машин, цахилгааны их үүсвэрээр хангах, одоо ашиглаж буй услалтын системийг бүрэн ашиглах замаар ургац хураалтыг өмнөх оноос нэмэгдүүлэхээр зорьжээ. Түүнчлэн 320 м/кв-аас доошгүй талбай бүхий өвлийн хүлэмж барих, төмс, хүнсний ногоог хадгалах зоорь барих ажлыг бодлогоор дэмжих, чихэр өвс, гүргэм тариалах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд гаргах эхлэлийг тавих, “Өрхийн тариалан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хүрээнд газар тариалангийн ажлыг механикжуулах зорилгоор бага оврын техникийн иж бүрдлийг лизингээр олгох зэрэг олон ажлыг тусгаад байгаа юм.  

 

Аймгийн Засаг даргын Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 12 дугаар сарын 2-нд хэлэлцэнэ. Үүнээс урьтаж шинэ оны босгон дээр энэхүү уулзалт зөвлөлгөөнийг хийж байгаа нь газар тариаланг дэмжих төрийн бодлогод энэ чиглэлийн ажлыг гардан гүйцэтгэж буй төлөөллүүд санал хүсэлтээ тусгах боломжийг олгосноороо онцлог.  

 

Газар тариалангийн салбар хөдөлмөрийн багтаамж сайтай салбарын нэг. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан Илгээлтийн эзэн хөтөлбөрийн хүрээнд газар тариалан эрхлэх сонирхолтой хүмүүсийг бүртгэж, тэднийг газартай болгож, гарааны бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай эх үүсвэрүүдээр хангаж, гурван жилийн гэрээтэй ажиллахаар төлөвлөж байна. Ингэхдээ тухайн иргэнийг гэр бүлээрээ ажиллах нөхцлийг тавих юм.

 

2016-11-30 09:01:35