• 12 сарын 23, Даваа гараг
Аймгийн Засаг дарга үндэсний чуулганд оролцлоо
222 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхайн хамтарсан “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” үндэсний чуулганд оролцлоо.

Тус чуулганд  УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ зэрэг яамд болон Ашигт малтмалын газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх мэт Засгийн газрын агентлагууд,  орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайчид болон бичил уурхайн ТББ-ын нийт 200 гаруй төлөөлөл оролцсон юм. 

 

Чуулганаар талууд бичил уурхайг зохион байгуулах, албажуулахад үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал зөвлөмжүүдийг гаргаж, цаашид бичил уурхайг албажуулах үйл явцыг нэмэгдүүлснээр уул уурхай, байгаль орчин төдийгүй эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болохыг онцолж байв.

Эл онцолсон асуудлаар аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас чуулганы үеэр тодрууллаа.

 

Г.БАТЖАРГАЛ: ХАМО ИРГЭД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ ХЭВШЭЭД БАЙНА

 

-Бичил уурхайн асуудалд төр засгаас зориуд бодлогоор анхаарах, аймаг орон нутаг, улс орны хэмжээнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Ер нь нэг хэсэг нинжа гэдэг ч юм уу хувиараа ашигт малтмал олборлох байдлаао иргэд маань байгальтай харьцдаг байсан бол сүүлийн жилүүдэд  хууль тогтоомжид өөрчлөлт орсноор тогтвортой, хуулийн хүрээнд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг болсон.

 

Манай аймагт гэхэд нийтдээ арван нөхөрлөлд 900 гаруй иргэн бичил уурхайн зохион байгуулалтад ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсоор хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийн хөдөлмөрийг албан ёсны хөдөлмөр эрхлэлтэд тооцох хэрэгцээ байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар бичил уурхайгаар дамжуулаад оорон нугийн хөгжилд орж ирж байгаа нэмэр, хандив манай аймагт чамгүй их бий. Үүнийг олон нийтэд сурталчилах, иргэдэд бичил уурхай эрхлэгчдийн талаарх зөв ойлголт өгөх шаардлага, хэрэгцээ бас байна.

 

Зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгчид маань нутаг орныхоо зөвшөөрсөн талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь том уурхайнуудаас байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл хэд дахин бага, иргэдийн зүгээс бас ашигласан талбайдаа нөхөн сэргээлт хийж хэвшээд эхэлсэн. Харин нүүдлийн байдалтай, зөвшөөрөлгүй газар ухчихаад явдаг хүмүүсийн хувьд өөр асуудал яригдана. Тэднийг шаардлагатай бол зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд нэгтгэх ажлыг төр засгаас анхаарах ёстой. 

2016-12-08 06:02:42