• 05 сарын 10, Бямба гараг
Хүрээмарал Монголын энергийн төв болох боломжтой
697 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 733 тоот захирамжийн дагуу жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулж байна.

 

Энэ захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Статистикийн газрын дарга Х.Ганзориг, ХХААГ-ын дарга Ж.Баттөр, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбат нараар ахлуулсан ажлын хэсэг гарч хөдөөгийн сумдад ажиллалаа.

 

Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад ажиллав. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Хүрээмарал сумын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

 

Хүрээмарал сум шинэ бүтэц бүрэлдэхүүнээ баталж, ирэх онд хийх ажлаа төлөвлөхийн зэрэгцээ мал тооллогын их ажлын ард гараад байхад нь бид очсон юм.

Сумын Засаг даргаар томилогдсон Б.Отогонбаяр 24 жил төрийн албанд ажилласан туршлагатай нэгэн. 2003 оноос Тогтвортой ажьжиргаа төсөл, улмаар сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байжээ.

 

Тус суманд хайгуулын лицензтэй хоёр компани үйл ажиллагаа явуулдаг байна. Хивигийн нуруу болон Салхитын нуруунд хайгуулын ажил тус тус хийгдэж байгаа аж. Гэвч нутгийн иргэд уул уурайн хайгуул болон олборлолт хийлгэх хүсэлгүй байгаа гэнэ.

 

Тус сум өнгөний болон гүний ус ховор. Гэтэл Салхитын хайгуулын бүс нутаг Хүрээмарал сумын хоёр багийн өвөлжилтийн бүс хамрагдаж байгаа нь бэлчээрийг хомсдуулах, уст цэгийг үгүй болгох сөрөг талтай гэж сумын удирдлагууд үзэж байгаа аж. Нөгөө талаар хайгуулын үйл ажиллагаа  хүн малын ундны усанд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй тул аймаг сумын иргэдийн хүслийг харгалзан үзэж бодлого боловсруулахыг хүсч байв. Гэвч улс орны эдийн засгийн хямралтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хэрэв улс дээд түвшиндээ эл хөтөлбөрийг баталвал аймаг нэгэнт гарсан шийдвэрийг мөрдөж ажиллахаас өөр арагагүй тухай аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр хэлж, тухайн хайгуулын ажил ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авч болох талаар боломжуудыг эргээд уламжлахаа илэрхийлэв.

 

Тус сум өөрийн хөгжлийн хэтийн төлвийг байгалийн сэргээгдэх баялагтаа тулгуурлан төлөвлөж байна. Тухайлбал, тус суманд байгалийн ашигт эрдсээр баялаг давс, хужирын орд байдаг. Үүнийг түшиглэж улсынхаа зах зээлд гаргах боломжтой стандартын сав баглаа бүхий давсийг үйлдвэрлэж ажлын байр, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Байгалийн хүрмэн чулууг ч ашиглан барилгын материал үйлдвэрлэх боломж бүрэн бий аж.

 

Мөн зээргэнийн үйлдвэр байгуулах саналыг аж ахуйн нэгжүүдээс тавьсаныг үндэслэн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах газрыг шийдвэрлэж өгчээ. Энд тодорхой тооны ажлын байр бий болно гэж үзжээ. Дээрээс нь тус сумын цагаан идээ, ааруул бусдаас гойд амттай байдаг тул үүнийг ч үйлдвэрлэлийн зарчмаар хөгжүүлэх боломжтой гэнэ. Хэтдээ улсын босоо тэнхлэгийн авто замын сүлжээ Хүрээмарал сумаар дайрах учраас давс, зээргэнийн үйлдвэрлэлийг түшиглэсэн үйлчилгээний төв байгуулж, сумын нийгэм эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн итгэл тус сумынханд байна.

 

Сумын Засаг дарга 2017 онд дээрх ажлын хүрээнд байгууллага бүр бүтээгдэхүүнтэй болох уриалгыг дэвшүүлэхээр болж байгаа аж. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон сум бүр өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болж, түүнийг аймаг, улс, хөрш залгаа улсуудын зах зээлд нийлүүлэх томоохон зорилттой уг уриалга ажил уялдаж байгаагаараа онцлог.

 

Тус суманд тохиолдож буй өөр нэг бэрхшээл бол хилийн цэсийн маргаан. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай хилийн маргаантай байсаар иржээ. Тэд 1970 онд тогтоосон хилийн цэс болон GPS төхөөрөмжийн тусламжтайгаар нягталж үзэхэд тухайн маргаантай газар нутаг нь Хүрээмарал сумын харъяа гэдэг нь тогтоогджээ. Энэ дагуу өөрийн сумын малчдад маргаантай бүс нутагт байрлах өвөлжөөний гэрчилгээг олгосон ч Дэлгэр сумын удирдлагууд мөн л өөрийн сумын малчдад гэрчилгээ олгосноор иргэдийн дунд үл ойлголцол үүсэхэд хүрчээ. Тиймээс уг маргаантай асуудлыг хоёр аймгийн хүрээнд ярьж шийдвэрлэх ёстой гэж үзээд аймгийн удирдлагуудад хандсан байна. Энэ асуудлыг анхаарч, нэн даруй шийдвэрлэх талаар холбогдох албан тушаалтанд уламжлахаа аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр хэллээ.

 

Хүрээмарал сум байгалийн өвөрмөц тогтоцтой, зэрлэг ан амьтан ихтэй сум. Монголын шилдэг эрдэмтэд, тухайлбал математик, физикийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэд олноор төрөн гарсан үүх түүхтэй сум. Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хүрээмарал сумыг монголын энергийн төв болгох боломж байгааг сумын Засаг дарга Б.Отгонбаяр хэлж байна.

 

Аймаг даяар явагдаж буй галт зэвсгийг тоолж, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд Хүрээмарал суманд нийт 38 бууг тоолжээ. Эдгээр бууны 13 нь бүртгэлтэй, гэрчилгээтэй байсан бол 25 нь бүртгэлгүй байсан байна. Тиймээс эдгээр бүртгэлгүй галт зэвсгийг эзэмшиж буй малчдыг нэгдсэн сургалтад хамруулж, гэрчилгээжүүлэх ажил хийгдэхээр болжээ. Гэвч малчдад энэ нь хүндрэл дагуулж байгаа гэнэ. Тухайн галт зэвсэг эзэмшигч малчин сургалтад хамрагдахын тулд 158900 төгрөг төлөх ёстой. Дээрээс нь гэрчилгээний хураамж ч нэмж төлөх ёстой болжээ.

Сумын Засаг даргын судалснаар галт зэвсгийг бүртгэл, гэрчилгээгүй эзэмшиж буй иргэдийн амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн хувьд тааруухан байгаа гэнэ. Тиймээс тухайн суманд нь уг сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг олгож өгөх, ингэхдээ сургалтын төлбөрийг бууруулж өгөх боломжтой эсэхийг лавлаж байсан юм. Үүний хариуд аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, “Бусад сумдад та бүхний тавьж байгаа санал ижил байгаа юм. Тиймээс сумдын саналыг нэгтгэж холбогдох газарт нь хүргүүлэх болно. Хэрэв боломжтой гэсэн хариуг өгвөл та бүхний саналын дагуу тухайн сумдад нь хөнгөлөлттэй нөхцлөөр сургалтыг явуулж, гэрчилгээг олгох ажил хийгдэх боломжтой” гэдгийг хэлж байлаа.

 

Эдүгээ Хүрээмарал суманд хүндрэлтэй болсон байшин барилга хэд хэд байна. Тухайлбал, тус сумын соёлын төвийн барилгыг аж ахуйн аргаар 2003 онд ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар хананд хазайлт үүсч, даацийн гол нуруу дотогшоо хотойж орж ирсэн байдалтай байна. Улсын комиссоос хэд хэдэн удаа актлах дүгнэлтийг гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн М.Билэгт тус суманд соёлын төвийн барилга барьж өгөхөө илэрхийлсэн тул сумын иргэд хүлээлттэй сууна.

 

Өөр нэг барилга хүнд байгаа нь тус сумын Дэлгэрбаян сургуулийн дотруур байрны барилга. 1983 онд баригдсан тус барилгын дээвэр муудсанаас бороо цастай үед дотогшоо ус нэвтэрч, хананд ан цав, мөөгөнцөр үүсчээ. Бага хэмжээний засварыг тухай бүрд нь хийдэг боловч тэр нь удалгүй хуурч унадаг байна.

Мөн сумын Эрүүл мэндийн төвийн барилга ч мууджээ. Хананд ан цав үүссэнийг төмрөөр боож чанагалах замаар тогтоосон байна. Хоёр өрөөний таазнаас нуралт үүсч байжээ. Тиймээс Хүрээмарал суманд дээрх барилгуудыг шинэчлэх шаардлагтай байгааг сумын удирдлагууд уламжилж байв.

 

Харин нэн шаардлагатай байсан хүн эмнэлгийн унааг оны эхээр тус суманд шийдвэрлэж өгөхөөр болсонд баяртай байгаагаа Хүрээмарал сумынхан илэрхийлж байна.

 

 

 

 

 

 

2016-12-16 10:05:47