• 12 сарын 23, Даваа гараг
С.Байгалмаа: Ирэх онд зарлага бууруулж, орлого нэмэгдүүлэх зарчмаар ажиллана
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг 2017 оны төсвөө саяхан баталсан. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаагаас  тодрууллаа.

 

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн төсөв ямар байдалтай байна вэ?

 

Аймгийн 2016 оны нийт төсвийн зарлага 61 тэрбум төгрөг байгаа. Энэ оны 11 сарын байдлаар улсын төсвөөс 11.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Манай аймаг жилийн дүнгээрээ 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авах ёстой. Үүнээс тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд өнөөдрийн байдлаар 33.3 тэрбум төгрөг авсан байна. Орон нутгийн хөгжлийн сандаа бид 4.7 тэрбум төгрөг авах ёстойгоос дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Эхний 11 сарын байдлаар бид анхүүжилтээ бүрэн авч сум, байгууллагуудын санхүүжилтыг бүрэн олгосон үзүүлэлттэй байна.

 

Сангийн яамнаас урсгал засвар, хөдөлгөөн хамгаалал идэвхжлийн зарцуулалтын эрхийг хаасан. Бусад гүйлгээ хэвийн явагдаж байна. Эхний 10 сарын байдлаар орон нутгийн төсөвт 5.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх ёстойгоос 6.3 тэрбум төгрөгийн орлого олж гүйцэтгэл 115 хувьтай явж байна.

 

Улс орны хэмжээнд эдийн засгийн амаргүй цаг үеийг давж гарах ёстой болж байна. 2017 оны төсөвт энэ байдал нөлөөлсөн байх. Үүнийг дагаад ямар өөрчлөлт орсон бэ?

 

Эдийн загийн хүндрэлтэй холбоотойгоор бид 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх гэсэн гол зарчмыг баримталсан. Ерөнхийдөө 2017 оны төсөв хэд хэдэн онцлогтой гэж хэлж болно. Энэ нь хэд хэдэн хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотой.

 

Тухайлбал, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг нэг хувиар бууруулсан. Мөн төсвийн захирагч нарын цалингийн сан, тогтмол зардал гэх мэт урсгал зардлыг хэмнэсэн. Нөгөө талаар үндсэн үйл ажиллагааныхаа орлогыг олсон тохиолдолд төсвийн жилдээ багтаан зарцуулдаг уян хатан эрхийг олгосноороо ирэх оны төсөв онцлогтой. Өмнө нь бид орлогоо давуулаад зардлаа хэмнэсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагчид  хүсэлт тавиад дараа ондоо зарцуулдаг байсан бол зардал хэмнэсэн, үндсэн үйл ажиллагааныхаа орлогыг нэмэгдүүлсэн тохиолдолд тухайн жилдээ зарцуулах  уян хатан эрхийг олгосон. Энэ утгаараа бид сумдад Төсөвт байгууллагуудынхаа өөрийн орлогыг биелүүлэх, татварын орлогыг нэр төрөл бүрт биелүүлэх, ашиглагдахгүй байгаа эд хөрөнгийг зарж, борлуулах, зарлагыг бууруулж орлогоо нэмэгдүүлэх гэсэн чиглэлийг өгсөн.

 

Мөн ирэх оны төсөвт үүрэн телефон хэрэглэх албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг төсвөөс гаргахыг хориглож,  албан тушаалтан өөрөө төлөх заалтыг оруулсан. Мөн төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос нэг удаа буцалтгүй тусламж буюу үндсэн цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгодогыг хэвээр үлдээсэнтэй холбоотойгоор ирэх онд 2014 оны Засгийн газрын 405 тоот тогтоолын дагуу уг тэтгэмж хуучнаараа олгогдохоор болж байгаа.

 

Нөгөө талаар хот тохижилт, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөр өмнө нь урсгал зардлаас санхүүждэг байсан бол ирэх оноос Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжихээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон.

 

2016 оны төсөвтэй харьцуулахад ирэх оны төсвийн хэмжээ ямар байдлаар батлагдсан бэ?

 

Энэ оны төсөвтэй харьцуулахад ирэх оны төсөв буурсан үзүүлэлттэй байгаа. Аймгийн 2017 оны төсөв 57.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Задалж харвал тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсөв 36.5 тэрбум төгрөг байсан бол ирэх онд 37.7 тэрбум болж батлагдсан. Улсын төсвөөс бид Орон нутгийн хөгжлийн санд 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан бол ирэх 2017 онд хоёр тэрбум 980 сая төгрөг болж буурсан үзүүлэлттэй байна. Орон нутгийн төсөвт байгууллагуудын нийт төсвийн зарлага 18.1 тэрбум байсан. Ирэх онд 16.3 тэрбум төгрөг болж батлагдсан. Орон нутгийн төсвийн орлогыг Сангийн яамнаас суурин орлогыг 5.6 тэрбум төгрөг гэж хянасан бол Аймгийн ИТХ-аар долоон тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж баталсан байгаа.

 

Орон нутгийн хөгжлийн санд хэр өөрчлөлт орсон бэ?

 

Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн хоёр дахь заалтад өөрчлөлт орсон. Мөн Сангийн сайдын 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 17 тоот тушаалаар батлагдсан Ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр, Ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд олгох, шилжүүлэх, тооцох аргачлал гэж батлагдсан. Энэ хоёр эрх зүйн баримт бичгийг үндэслэн төсөв, санхүүжилтийг төлөвлөсөн байгаа. Өмнө нь Аймаг орон нутгийн Хөгжлийн сангаас олгосон шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сумдын Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг байсан. Төсвийн тухай хуулийн 59 зүйлийн хоёр дахь заалтад өөрчлөлт орсноор Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг харилцан адилгүй хувь хэмжээгээр сумдад хуваарилахаар болж байгаа юм. Түүнчлэн итгэлцүүрээр хуваарилагдсан хэсгийн 30-аас доошгүй хувийг сумдад хүн амын тоо, алслагдсан байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран хуваарилдаг байхаар энэ хуульд өөрчлөлт орсон. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тухайн сумын Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийн  орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийгдсэн тухайн сумын Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн 67 хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг байхаар болсон.

 

2017 онд Сангийн яамнаас манай аймгийн Орон нутгийн хөгжлийн санд  хоёр  тэрбум 980 сая төгрөгийн санхүүжилтийг хуваарилсан. Дээрх аргачлалын дагуу хуваах юм бол сумдад 880 сая төгрөг, хот тохижилт, мал эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 734 сая төгрөг, үлдсэн нэг тэрбум 364 сая төгрөг аймгийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилахаар байгаа юм. Тиймээс бид хариуцлагатай, санхүүгийн сахилга баттай байж зарлага бууруулж орлого нэмэгдүүлэх зарчмаар, хууль эрх зүйн хүрээнд ажиллах ёстой юм.

 

                                                                                                                     Эх сурвалж: Өнөөгийн Баянхонгор сонин

 

 

 

2016-12-18 09:36:33