• 12 сарын 23, Даваа гараг
Р.Жамъяндорж: Монголын томчууд Баянбулагаас хүнсээ базаадаг болох цаг ойрхон байгаа
215 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын 733 тоот захирамжийн дагуу жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулж байна. Энэ хүрээнд хяналтын тооллогын комисс Баянбулаг суманд ажиллах үеэр тус сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа.

 

Баянбулаг сум цасан дуулгаа нөмөрч, өвлийн өнгөөр биднийг угтлаа. Өнгөрсөн зуншлага сайхан байж, ургамлын гарц сайн байсан нь өвөлжилт тавтай байх боломжийг бүрдүүлжээ. Гэвч нийт нутгийн хэмжээнд цасны зузаан 20 см-ээс 60 см хүрчээ. Зарим даваанууд мөн хаагджээ. Олон жилийн дунджаар тус суманд 12 дугаар сарын сүүлээр эрс хүйтэрч, цас ордог учраас сумын удирдлагууд төдийгүй малчид битүүхэн болгоомжилж байна. Өвсний цан үдийн наранд буулгүй үдэш оройтой залгуулж байгаа тул цаг хүндэрч болзошгүй нь хэмээн нутгийн хөгшчүүл ч хуучилж байхыг сонсвол хаа хаанаа хариуцлагатай хандаж, байгаль, цаг уурын эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэлтэй байх нь Баянбулаг сумын хувьд чухал юм.

Сумын удирдлагууд дээрх байдалд дүн шинжилгээ хийж дөрвөн цагийн эргэлтэд бэлчээрээ хэрхэн ашиглах талаарх хуваарь, шийдвэрийг малчидтай зөвлөлдөн гаргаж чаджээ. Тухайлбал, Баянбулагийн малчид зундаа сумынхаа хойд хэсэг буюу хангайн бүст зусч, хавар намартаа дундын буюу тал хээрийн бүст малаа бэлчээгээд өвөлдөө сумынхаа урд хэсэг рүү нүүдэллэж хэвшсэн байна. Энэ жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр тус сумын мал 130 мянган толгойд хүрэхээр байгаа юм.

 

Нөгөө талаар тус суманд тоо толгой нь өсч буй янгир ямааны баримжаа тоог гаргажээ. Тэдний ажигласнаар 1500 орчим янгир ямаа байна гэж тоолжээ. Байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж. Янгир ямаа хужиршиж байгаагаас малчны хот руу орж хужир шүү долоох үзэгдэл элбэгшиж байгаа гэнэ. Урьд нь тус сумынхан борооны ус тосох уст цэг, хужир шүү янгирын бэлчээрт байршуулах зэрэг ажлыг хийж байжээ.  

 

 

Энэ талаар тус сумын Засаг дарга Р.Жамъяндоржоос тодрууллаа.

 

Тэрээр төрөлх сумандаа багийн Засаг даргаас эхлээд сумын Засаг дарга хүртлээ ажиллаж амьдарч буй хөдөөгийн амьдралыг арван хуруу шигээ мэдэх хүмүүсийн нэг юм.

 

Р.ЖАМЪЯНДОРЖ: СУМЫНХАА ИРГЭДИЙГ НУТАГТ НЬ АВЧИРЧ, АЖИЛЛАЖ АМЬДРАХ ОРЧНЫГ НЬ БҮРДҮҮЛИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

 

Өвөлжилтийн нөхцөл байдал цаашид цас орох эсэхээс их хамаарахаар байна. Гэвч энд бэлтгэлээ хэр хангасан нь чухал шүү дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?

 

Зуншлага сайхан байсантай холбоотойгоор хадлангийн бүс нутагт ч ургац арвин байлаа. Иргэдийн хадлан авах арга барил, техник ч сайжирсан учраас бага хугацаанд их хадлан авах боломж бүрдсэн. Энэ утгаараа өвс хангалттай авсан. Тэжээлийн нөөцийн тухайд өмнө ИНХ-ын төлөөлөгч байхдаа удаа дараагийн хүсэлт, санал тавьсны үндсэн дээр боломжийн нөөцтэй болсон. Гэвч хадгалалтын гормид алдаа гарч муутгасан тал бий. Цаг тухайд нь анхаарал тавьж ажилласан. Тиймээс бид энэ өвөл нэг их тэвдээд байхгүй болов уу. Нөгөө талаар бид бэлчээрийн даац, ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс малчдаа улирал бүрт нутаглах газрыг нь зааж өгсөн. Тиймээс бэлчээрийн хомсдолд орохгүй байх боломж бий. Харин хавар тийшээ гуравдугаар сараас эхлэн цас орж, малчин, мал хоёрыг нэлээд зүтгүүлж байж зунтай золгодог учраас хаваржилтад онцгой анхаарч байна.

 

Та сумын Засаг даргын ажлаа аваад удаагүй байна. Таныг өмнө нь багийн Засаг дарга хийж байсныг мэдэх юм. Өөрийгөө танилцуулахгүй юу?

 

Тиймээ, би энэ сумандаа л ажил амьдралаа зориулсан хүн гэхэд болно. 1984 онд илгээлтийн эзэн болж хөдөө гарч байснаас хойш энэ нутаг уснаасаа салаагүй юм. Сумын ИНХ-ын төлөөлөгчөөр 12 жил ажилласан байна.  Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг дарга боллоо.

 

Сумын хувьд надад Баясгалангомбо даргын ажлыг үргэлжлүүлэн авч явах хариуцлагатай үүрэг ногдож байгаа учраас сайн ажлыг нь үргэлжлүүлж саар зүйлийг нь засч залруулаад явах ёстой гэж ойлгож байгаа. Улс орон даяар эдийн засгийн хүнд жилүүдийг туулж байгаа ч манай сумын тухайд өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд хэвийн хийгдсэн. Тухайлбал, спорт зал, хүн эмнэлэгийн барилгууд шинээр баригдлаа. МАА-н тухайд цаг сайхан байсантай холбоотой мал маань төрөл бүртээ өссөн байна.

 

Өмнөх жилүүдээс хийгдэж ирсэн нэг ажил бол Баянбулаг омог батлуулах ажил юм. Тиймээс ирэх жил энэ ажлыг бид үргэлжлүүлж хийх ёстой гэдэгт анхаарлаа хандуулж байна. Малчид маань ч чанарггүй олон малтай байхаас илүү чанартай цөөхөн малтай байхыг чухалчилах болсон. Энэ жилийн хувьд мал, малын гаралтай түүхийн эдийн үнэ өсөөгүй учраас малчид малаа цөөлж чадаагүй байна. Гэтэл малчдын тоо цөөн, нас өндөр байгаа нь эргээд иргэдэд дарамт болж хувирч байна шүү дээ.

 

Омог батлуулсанаар гарах эдийн засгийн ашиг, үр өгөөж нь юу юм бэ?

 

Социализмийн үед Увсын баяд үүлдрийн 500 гаруй хонийг авчирч, торгон сүрэг бий болгож байсан юм. Түүнээс хойш өөр олон омгийн хонийг авчирч, энэ нь цаг хугацааны уртад нутагшиж Баянбулагийн хонин сүрэгт өөрийн гэсэн омог бий болгохуйц сайн чанарын хонь бий болсон байгаа юм. Төлөг гэхэд ган, зудтай жилүүдэд ч 22 кг-аас дээш жин дардаг. Гэтэл бусад аймаг, сумын төлөг 16 кг байх жишээтэй. Тиймээс энэ давуу байдлыг судалж үзэхээр шийдээд одоо гурав дахь жилдээ явж байна.

 

Судалгааны явцад үнэхээр онцгой, ашиг шим өндөртэй хонь гэдэг нь батлагдсан. Бид жил бүр энэ хонин сүргээ омог болгохын тулд жил бүр сумынхаа төсөвт мөнгө суулгаад явж байна. Энэ тал дээр аймаг орон нутаг анхаарч, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Төрийн торгон сүрэг гэсэн тусдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь баярлууштай байна.

 

Дээр үед Ховдоос төр, засгийн өндөр албан тушаалтнууд хүнсний хонио ирж авдаг байсан түүх бий. Үүн шиг Баянбулагаас монголын томчууд хүнсээ базаадаг цаг ойрхон байгаа л гэж харж байна даа.

 

Ирэх онд ямар ажлыг та, танай баг хамт олон сум орон нутагтаа хийхээр төлөвлөж байна вэ?

 

Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд манай суманд хийж хэрэгжүүлэх ажлууд тусгалаа олсон. Тухайлбал, Баянбулаг хонины омогийг цааш судалж, батлуулах ажил. Мөн мал эмнэлэг, үржил, бой, хэтдээ махны боловсруулах үйлдвэр зэргийг өөртөө багтаасан төвлөрсөн үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв болох нэг ажил туссан байгаа.

 

Өнөөдрийн байдлаар намарт айл болгоны хашаанд л малаа нядалж, тэндээсээ борлуулагдаж байна. Жилийн дөрвөн улиралд малаа борлуулдаг ч болж. Зуны цагт энэ нь өөрөө эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх тал гарч байгаа юм. Тиймээс үүнийг нэг мөр болгож нядалгааны нэгдсэн цэгтэй болох юм. Энэ цэг ашиглалтад орсноор малчид төвлөрсөн цэгт малаа нядлуулж, мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг нь тус тусад нь ангилуулан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд бэлэн чанартай бүтээгдэхүүн авдаг болох юм. Үүнийг дагаж энд олон ажлын байрыг шинээр бий болгох боломжтой. Хэтдээ энэ цэгийг түшиглэж мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулагдана.

 

Танай сумын хүн ам 1700 гаруй. Хүн ам өсч байж хөгжил явагддаг тал бий. Энд таныг анхаарч байгаа гэж сонссон?

 

1999, 2000 оны зуднаас хойш сумын хүн ам эрс цөөрсөн. Амьдрал хөөж, төв суурин, хот хүрээ бараадсан хүмүүс олон бий. Гэтэл үнэхээр зах зээлийн нийгэмд малчны хотноос суурин газарт ажиллаж амьдарч, хөлөө олсон нь хэд билээ гээд харахаар бас хэцүү. Тиймээс бид сумынхаа иргэдийг эргэж сумандаа ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж, эргүүлэн орон нутагтаа татах ажлыг зохион байгуулна. Манай хөдөөнийхөн нэгнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс. Мөнгө төгрөг тааруу нэгнийхээ замын зардлыг хүртэл дундаасаа гаргаад л өгчихнө гэж яриад л байгаа юм. Бид чадна. Би өмнө багийн дарга байхдаа Батболдыг Улсын харцага болж байхад багаасаа азарга адуу, 100 гаруй хонь цуглуулж өгч байсан түүхтэй.

 

Сумандаа ирээд юу хийх вэ гэдэг чухал. Таны ярьсан төвлөрсөн цэгт ажлын байр гарлаа ч орон тоо хязгаартай байж таарна. Өөр ямар байдлаар иргэдийн амьжиргааг дэмжих вэ?

 

Бид малжуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Анх 80 сая төгрөгөөр эхэлж байсан төсөл өнөөдөр 120 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй явж байгаа. Малжуулж буй малчдын тоо ч овоо өссөн. Нэг хэсэг юм л өгвөл алга болчихдог ойлгомжгүй байдал байлаа шүү дээ. Жилд 50 хонь өгөнгүүт 20-ыг нь идээд хойтон жил мал нь өсөх нь битгий хэл хорогдсон байдаг байлаа. Тиймээс бид дунд үеийн залуусыг түшиглэж төслөө хэрэгжүүлсэн. Өөрийн гэсэн өвөлжөө хаваржаатай, бага зэрэг малтай өрхийг сонгосон нь амжилт үзүүлсэн. Тиймээс энэ ажлыг өргөжүүлж иргэдээ малтай, өөрийн аж ахуйтай болгоход анхаарах юм.

 

Өөр нэг хүчин зүйл нь зэс, молбидений орд манай суманд илэрсэн. Хайгуулын ажил дуусч, ашиглалтын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж байгаа юм билээ. Өмнөх засгийн үед шийдэгдсэн тус ордод Эрдэс Холдинг ХХК олборлолт явуулна. Компанийн зүгээс далд уурхайн олборлолт явуулах учраас байгаль орчинд сөрөг нөлөөлөл бага гэдгийг хэлж байна. 200 орчим ажлын байраар орон нутгийн иргэдийг хангана гэсэн амлалтыг өгч байна. Цаашид уурхайн үйл ажиллагаа явагдаж эхэлснээр Баянбулаг сум биш Баянбулаг хот болно гэсэн зүйлийг ч ярьж байгаа. Нэгэнт дээрээсээ ашиглахаар шийдвэр тогтоол нь гарчихсан учраас бид зүй зохистой ажиллах, сум орон нутагтаа ямар үр өгөөжтэй байх, байгаль орчиндоо халгүй байх талаас нь хяналт тавьж, шахалт үзүүлж ажиллах нь үлдэж байгаа юм. Хамгийн гол нь алтыг нь аваад авдрыг нь хаядаг байдлаар биш, ашигласныхаа төлөө амьдарч буй нутгийн иргэд, сум орон нутагт нь үр өгөөжтэй байдлыг тухайн комдани эрхэмлэж ажиллана гэж найдаж байна. Бид ч энэ тал дээр хатуу зарчим барьж ажиллах болно.

Б.ЧИНБАТ

2016-12-18 11:40:36