• 12 сарын 23, Даваа гараг
Ж.Рэнбуу: Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажил хамтын ажиллагаа, уялдаа холбоог шаарддаг
263 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Он гараад удаагүй байгаа энэ цаг мөчид Хэрэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Ж.Рэнбуутай уулзлаа.

 

 

Өнгөрсөн 2016 онд ХЭАХН Баянхонгор аймагийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?

 

Засгийн газрын 233 тоот тушаалаар 2016 оныг Хэрэглэгчийн жил болгосон. Хэрэглэгчийн жилийн ажлын хүрээнд бид хэрэглэгчид эрхээ хэрхэн хамгаалах талаарх мэдлэг олгоход үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Хэрэглэгчид маань мэдлэгтэй болбол зөв сонголт хийх, хохирлоос өөрийгөө хамгаалах, зохилтой хэрэглээний дадал зуршилд өөрийгөө хэвшүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс бид найман сум, дөрвөн багийн ИНХ-аар явж, сургалт зохион байгууллаа. Улирал бүр зурагт самбар аймгийн ЗДТГ-ын гадна самбарт байрлуулж, ололттой болон дутагдалтай байгаа асуудлыг гаргаж олон нийтэд ил тод мэдээллээ.

 

Хэрэглэгчидтэйгээ уулзаж, тэдний санаа бодлыг сонсч, цаашид хийх ёстой чиглэл, арга хэмжээг тодорхойлсон гэж ойлгож болно. Өдөр тутам хэрэглэгдэж буй өргөн хэрэглээний үйлчилгээ болох эрчим хүч, халаалт, хүнсний аюулгүй, ашигтай ажиллагааг хангах, архидан согтуурахтай тэмцэх хуулийн хүрээний сурталчилгаа, таниулгыг хийсэн байна. Манай нийгэмлэгээс хэрэглэгчдэд зориулсан сурталчилгааны гарын авлага, сонинг тогтмол бэлтгэн орон нутагт хүргүүлдэг. Үүнийг аль болох алслагдмал бүс нутгийн малчин өрхүүдэд хүргэхэд анхаарч ажиллалаа. Хүнд ганц удаагийн сургалтаар бүх шаардлагатай мэдээллийг өгөх боломжгүй байдаг. Тиймээс хэрэгтэй үедээ сөхөж харах гарын авлагыг хэрэгтэй газар нь хүргэх нь чухал байсан. Тухайлбал, хэрэглэгчийн эрх, үүрэг, Хэрэглэгчийн эрхийн тухай тунхаг, манай байгууллагын нэгдсэн зөвлөлгөөнөөс гарсан уриалга, баримт бичгүүдийг хэрэглэгч нэг бүрт хүргэх нь өөрөө чухал ач холбогдолтой. Та ямар нэг үйлчилгээг авч л байгаа бол хэрэглэгч. Тиймээс бидний үйл ажиллагааны цар хүрээ өндөр. Өндөрийнхөө хэрээр аймаг орон нутгийн удирдлагын хүрээнд, бодлогын хэмжээнд манай үйл ажиллагааг анхаарч үздэг юм.

 

Бидний үйл ажиллагааны үр дүн эхнээсээ гарч байна. Наад зах нь цахилгаан бараа худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний хэвийн ажиллагааг шалгаж авахын зэрэгцээ баталгаат хугацааны бичгийг давхар авч хэвшсэн байна.

 

Энэ онд та бүхэн ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

 

Бид 2017 онд хэрэгжүүлэх аймгийн Дэд хөтөлбөрөө бэлэн болгосон. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхийн тулд аймагтаа дэд хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөр маань дөрвөн дэд хэсэгтэй. Уг хөтөлбөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж баталгаажсанаар бид дагаж мөрдөж, хэрэгжүүлэх юм. Хөтөлбөр батлагдсанаар хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, иргэдийн ажил үйлилгээг төлөвшүүлэх, шилэн сонголтыг сайн хийх, магадлал сайтай ажил үйлчилгээг авч байх тал бүрийн ач холбогдолтой.

 

Бид энэ онд сургалтын үйл ажиллагаагаа сумдын салбар нийгэмлэгтэйгээ хамтарч үргэлжлүүлэн явуулна. Нөгөө талаар Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Баянхонгор сумын ЗДТГ, багийн Засаг дарга нартай тус тус хамтарч ажилладаг. Энэ ажиллагаагаа өгөжүүлнэ. Ер нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь дан ганц нийгэмлэгийн ажил бус олон талт хамтын ажиллагааны асуудал юм. Хуучин цагт бол бид өөрсдөө л хөөцөлдөөд яваад байдаг бол одоо бид хамтын ажиллагааг хангаж ажилладаг болсон шүү дээ. Бид хөтөлбөрийг цааснаас амьдрал руу буулгаж, хүний өдөр тутмын хэрэглээ, амьдралын нөхцөлтэй уялдуулан явуулах ёстой шүү дээ. Өнгөрсөн жил найман суманд хүрч ажилласан бол энэ жил цар хүрээгээ улам бүр өргөжүүлэхэд анхаарна.

 

Хэрэглэгчдийн зүгээс ирдэг түгээмэл ямар гомдол байдаг вэ?

 

Хүний хэрэглээ, хэрэгцээ өргөн учраас тал бүрийн л асуудлыг хөндөж байдаг. Гэвч энэ дундаас өдөр тутамдаа хэрэглэж, ашиглаж байдаг цэвэр, бохир ус, хуурай хог хаягдал, хүүхдийн сургалт, эрүүл мэндтэй холбоотой ажил үйлчилгээний талаар илүү их гомдол ирдэг.

 

Иргэд, хэрэглэгчиддээ хандаж юу хэлэх вэ?

 

Сайн, сайхан үйлчилгээ байвал түүнийг магтаж, сайшааж санал сэтгэгдэлээ хэлээрэй. Харин учир дутагдалтай, үйлчилгээ, өрөөсгөл асуудал байвал манай Баянхонго сумын ЗДЬГ-ын нэг цонхны үйлчилгээний цэгт байрлах манай хүнд өргөдөл өгөх буюу 7044-0001, манай аймгийн салбар нийгэмлэгийг 7044-2098 дугаарын утсаар холбогдож мэдээллээ өгөх боломжтой.

 

 

2017-01-05 08:30:27