• 12 сарын 23, Даваа гараг
ИДЭР ЖИНЧДИЙН ҮР ХОЙЧ ИХ ГОВЬДОО ЧУУЛЛАА
237 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумаас сонгогдсон төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Батбаяр, аймгийн ИТХ-д Бууцагаан сумаас сонгогдсон төлөөлөгч Б.Энхтүвшин нарын ивээн тэтгэлэг, санаачилгаар Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Тэмээчдийн холбооноос хамтран Баян-Өндөр суманд “Их говийн тэмээд” тэмээчдийн баяр, бүсийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнийг нэр дурдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, ХХААГ-ын дарга Ж.Баттөр, тус газрын Мал үржлийн тасгийн дарга Батаа, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид нийлсэн баг хамт олон зорьсон юм.

Их говийн бүлээн наран гурван есийн жаврыг сааруулж, идэр жинчдийн үр хойч тэмээн сүргийнхээ хавийг гайхуулсан “Их говийн тэмээд” тэмээчдийн баяр, зөвлөлгөөн нэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд болов. Энд Баян-Өндөр, Шинэжинст, Жинст, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ зэрэг сумдын нийт 90 орчим тэмээчид өөрийн шилмэл тэмээдтэйгээ ирж оролцлоо.

 

Ганц ганцаар газрын гарц, малын бэлчээр даган их талын энгээр нэг тарсан тэмээчдийг нэгэн дор цуглуулж, учруулан золгуулдагаараа энэ баяр, зөвлөлгөөний ач тус их.

 

Тэмээн сүргийн тоо толгой 2000 оныг хүртэл тогтмол буурсан тоон үзүүлэлттэй байсан Баянхонгор аймаг  2002 оноос хойш тогтмол тоо толгой нь өсч жилийн эцсийн мал тооллогоор тэмээн сүргийнхээ тоо толгойг 50 орчим мянга болгож өсгөсөн үзүүлэлттэй гарсан нь тэмээчдийн хувьд төдийгүй аймаг, орон нутгийн хувьд таатай мэдээ юм. Өдгөө Баянхонгор аймаг нь Монгол Улсдаа тэмээн сүргийнхээ тоо толгойгоор Өмнөговь аймгийн дараа хоёрт орж байна. Тиймээс их газрын заан, арслан хэмээн нэрлэгддэг тэмээн сүргийн тоо толгойг цаашид өсгөх, ашиг шимийг олон нийтэд сурталчилан таниулах бодлогыг аймаг, орон нутгийн удирдлагууд барьж байна. Үүний нэг илэрхийлэл нь эл тэмээчдийн зөвлөлгөөн, тэмээний баярыг зохион байгуулахад Баянхонгор аймгийн ЗДТГ-аас онцгой анхаарсан явдал юм.

Тэмээний тоо толгой өсөхөд нэн чухал хүчин зүйл бол мал аж ахуйн нөр их туршлагатай ахмад малчид юм. Баян-Өндөр сумын хувьд тэмээтэй амьдралаа холбосон нэг ангийн гурван малчин бий. Тэд гурвуул Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн их говийн хөдөлмөрч малчид юм. Хөдөлмөрийн баатар Б.Төмөр, Ч.Ванхүү, Д.Самдан нарын залуу малчдын халааг бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, арга туршлага маш чухал. Нас сүүдэр хэдий өндөр болсон ч малч ухаан, монгол уламжлалын тээгч болсон эдгээр буурлуудын хүч хөдөлмөрөөр говийн өргөн уудам нутагт тэмээн сүргийн тоо толгойг өсч байгаа аж.

Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт тэмээн сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулахад Баянхонгор аймаг онцгой анхаарч ирсэн байдаг. Тухайлбал “Ламын гэгээний улаан” тэмээн сүрэгт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын арга зүйн дагуу судалгааны ажил хийж, үржлийн хэсэг, омгоор батлуулахаар хүсэлт хүргүүлснээр ХХААЯамнаас үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, дүгнэлт гаргах ажлын хэсэг 2015 онд томилогдон 2016 оны 11 сард Баянхонгор аймагт ажиллаж байжээ.Үржүүлэг, селекцийн ажлын үе шатыг авч үзвэл 1943-1960 он Тоо толгойг өсгөх бодлого, 1960-1980 он Зүсийг жигдрүүлэх бодлого, 1980-1990 он Ноос, сүүний гарцыг нэмэгдүүлэх бодлого, 1990 оноос хойш Хурдлах чадварыг нэмэгдүүлэх бодлогыг явуулж иржээ. Харин энэ удаагийн тэмээчдийн баярыг зохион байгуулж буй Баян-Өндөр суманд хурдны чиглэлийн бүлэг тэмээ байх боломжтой тул энэ онд судалгааны ажлыг эхлүүлэхээр зэхэж байгаа аж.

Тус баяр, зөвлөлгөөний хүрээнд монгол, бэсрэг, тором тэмээний уралдааныг зохион байгууллаа. Нийтдээ 150 гаруй тэмээ уралдлаа. Манай аймгийн говь, цөлийн бүсийн зарим суманд хязгаарлагдмал хүрээнд нутгийн монгол ингэ хавтгайн бууртай нийлүүлгэнд орж тэдгээрийн нэгдүгээр үеийн эрлийз нь хурдлах чадвар сайтай төл гардаг. Энэ тэмээг малчид сонирхон уралдуулж,  зарж борлуулж байгаа бөгөөд бусад аймаг, суманд ч эрлийз буюу бэсрэг тэмээ тархаж байна. Тиймээс тэмээг бэсрэг ба цэвэр цусны монгол тэмээгээр ангилан ялгаж, уралдуулах болжээ.

0

Энэ удаагийн Их говийн тэмээд тэмээчдийн баярын үеэр тэмээний уралдааныг мөн зохион байгууллаа.

 

Хурдан монгол тэмээний төрөлд 64 тэмээ уралдсанаас Шинэжинст сумын уяач М.Дөлгөөний хөх тэмээ түрүүлсэн бол Баянлиг сумын уяач Ж.Жаргалсайханы бор, Ч.Соном-Ишийн улаан тэмээд удаах байрт хурдаллаа. Хурдан бэсрэг тэмээний төрөлд Баянлиг сумын уяачид одтой байж, С.Мэндбаярын бор, Т.Галхүүгийн улаан, С.Мөнхжаргалын шар тэмээд эхний гуравт худалсан байна. Харин хурдан торомны уралдаанд Баян-Өндөр сумын Т.Аюугшийн шар түрүүлж, Ж.Баянхишигийн хүрэн удаалсан бол Шинэжинст сумын уяач С.Отгонбавуугийн хөх тэмээ гуравт хурдаллаа.  

 

Тэмээн сүргийн бүтэц, монгол тэмээний цусыг цэврээр хадгалж үлдэхэд чухал зүйл бол буур байдаг. Тиймээс жил бүрийн тэмээчдийн баяр, зөвлөлгөөний үеэр сайхан буур шалгаруулах үйл ажиллагааг тогтмол хийж иржээ.
Энэ жилийн сайхан буур шалгаруулах уралдаанд 22 тэмээчний 22 буур оролцсоноос Шинэжинст сумын тэмээчин Шоовойн арван настай буур түрүүллээ. Хоёрдугаар байрт Баян-Өндөр сумын тэмээчин Ж.Буянхишигийн арван настай буур орсон бол гуравдугаар байрт тус сумын тэмээчин А.Пүрвээгийн дөрвөн настай буур орлоо.

Тэмээ нь сүр бараа ихтэйн зэрэгцээ, өөрийн гэсэн эхэмсэг дүр төрхтэй. Энэ сүрлэг байдал нь тэмээ дагасан соёл, тэмээг гоё, сайхан байдлаар унаж хэрэглэх нэгэн соёлыг тэмээчдийн дунд бий болгожээ. Уг уламжлалыг сэргээж эл баярын хүрээнд сайхан хос шалгаруулах уралдааныг мөн зохион байгуулсан юм.  Сайхан хосыг шалгаруулахдаа тухайн тэмээний өөрийн байдлыг харахаас гадна тэмээний эдлэл хэрэглэлийг ямар байдлаар урлаж, чимсэн, өөрсдөө мөн хэр сайхан хувцасласан зэргийг харгалзан үзсэн байна. Тус уралдаанд Баянцагаан сумын тэмээчин Д.Аюуш, Энхбат нар тэргүүлэв. Удаах байрт Баян-Өндөр сумын тэмээчин Э.Тамир, Ж.Пагмадулам нар орсон бол гуравдугаар байрт мөн тус сумын тэмээчин Алтансүх, Наранцэцэг нар шалгарав.

 

Тэмээ нь таван хошуу мал дотроос ган зудад тэсвэртэй, өл даах чадвараараа эрс ялгардаг амьтан. Нөгөө талаар тэмээг уналаг, ачлагад ашиглах нь говийн бүсийн малчдын хувьд нэн тохиромжтой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдаж байгаа тул уг уламжлалыг сэргээх, малчид хурам найр, баяр ёслолоор тэмээгээ унах, улмаар аялал жуулчлалын цогц бодлогын хүрээнд жуулчдын үзэх ёстой нүүдэлчдийн соёлыг тэмээгээр дамжуулан түгээн дэлгэрүүлж, эдийн засгийн үр өгөөжийг хүртдэг болгох олон талын ашигтай гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс цаашид энэ мэт арга хэмжээг өргөжүүлж, олон нийт, гадна, дотны жуулчдын оролцоотой зохион байгуулахаар тус нутгийн унаган хүү, Баян-Өндөр сумаас  сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр төлөвлөжээ. 

 

Б.ЧИНБАТ

2017-01-08 10:03:57