• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ХХАА-Н САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
243 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ХХАА-н салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн 01-р сарын 30-нд боллоо. Зөвлөгөөнд бүх сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн, тамгын газрын дарга нар, мал эмнэлгийн ААН-ийн удирдлага, газар тариалан эрхлэгчид зэрэг 150 орчим мэргэжлийн хүмүүс оролцож өнгөрсөн  жилийн ажлын товч тайлангаа хэлэлцэж, ирэх онуудад ХХАА-н хөгжил, чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын  тухайд хамтдаа зөвлөлдлөө.

 

2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймгийн  мал сүргийн нийт дүн 4236.3 мянгад хүрч, 2016 оныхоос 12.3 хувь буюу 464.4 мянгаар өсчээ. Нийт дүнгээр адуун сүргийн тоо 159.2 мянга, үхэр 213.8 мянга, тэмээ 49.7 мянга, хонь 1244.6 мянга, ямаа 2569.1 мянган толгойд хүрч, 2015 оныхоос адуу 17805, үхэр 24790, тэмээ 5164, хонь 162023, ямаа 254672 толгойгоор тус тус  өсчээ .

Нийт мал сүргийн дотор адуу 3.8 хувь, үхэр 5.0 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 29.3 хувь, ямаа 60.6 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.8  пунктээр буурч, хониных 0.6 пункт, адууных 0.1 пунктээр өсч, үхэр, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсоогүй байна. Малын тоо Өлзийт сумд 14223 толгойгоор буурч, бусад сумд 14861 - 47158 толгойгоор өсчээ. Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Бууцагаан, Бөмбөгөр, Баянговь сумуудад  малын тоо  хамгийн их буюу 37061 – 47158 толгойгоор өсчээ.Баацагаан, Баянбулаг, Баянговь, Баянлиг, Баян-овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, , Бууцагаан, Баянхонгор, Жинст, Хүрээмарал. Шинэжинст зэрэг 14 сум, малаа 5 төрөл дээр нь өсгөсөн таатай мэдээтэйгээр тус зөвлөгөөний арга хэмжээ эхлэв.

Баянхонгор аймгийн ажиллах хүчний 61,1 хувийг ХАА-н салбарт ажиллаж байгаа хүмүүс дангаараа эзэлдэг байна.  Улс орны чухал салбарын чиг баримтлалыг тодорхойлж, үйл хэргийг нь зангидаж авч яваа салбарын мэргэжилнүүдэд Засаг дарга амжилт хүсээд 2017 онд ХХАА-н салбар хоорондын уялдааг бэхжүүлж дорвитойхон хөгжүүлэхийн тулд мэргэжилтэн нэг бүр сэтгэлтэй ажиллах шаардлагатайг анхааруулсан юм. Үргэлжлүүлэн 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ХХАА-г хөгжүүлэхээр хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр тусгасан тухайд мэдээллийг хийлээ. ХАА тэр дундаа мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс сумын малын эмч нарыг мэргэжлийнх болгох, малын үүлдэр угсааг сайжруулах, зарим омог угшилыг үржлийн хэсгээр батлуулахаар товлосон бол бэлчээрийн зөв зохистой менежментийг бий болгохоор зорьж байгаа гэдгээ ярилаа.  Хөдөө хотын хооронд мэдээлэл, соёлын ялгаатай байдлыг арилгах, малчин залуусыг хөгжүүлэх зорилгоор шинэ хөдөө хөтөлбөр, мал сүргийн тоог  чухалчлах биш чанар дээр нь онцгой өөрчлөлт гаргах, улмаар төрийн торгон сүргийг бий болгох, газрыг үр ашигтай ашиглах,  газар тарианг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, баянхонгорт ургуулсан, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж эхлэх зэргээр малчид, тариаланч, үйлдвэрлэгчдээ дэмсэн томоохон ажлуудыг 2017 оны үндсэн чиглэлдээ тусгажээ.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд ирэх зун баянхонгор аймагт сүү, мах боловсруулах хэд хэдэн жижиг үйлдвэрүүд байгуулагдах ба ХХАА-н салбарыг дэмжсэн ажлуудыг үндсэндээ эхлүүлж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Зөвлөгөөнд оролцсон ХХАА-н салбарын мэргэжилтнүүд 2017 онд ламын гэгээний жижиг улаан тэмээг үржлийн хэсгээр батлуулах, төмсний үрийн нөөцийн эргэлтийн санг бий болгох, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг сайжруулж хариуцлагажуулах, уст цэгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой дэвшилтэт арга технологиор тэмцэх, фермер болон туслах ААН-дэд ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөлөө. Улсын хэмжээнд дэгдээд байгаа малын  халдварт өвчлөл гурван аймагт гараагүй байгаа ба түүний нэг нь Баянхонгор. Иймээс хаяа залгаа аймгаас орж ирж болзошгүй халдварт өвчний аюулаас урьдчилан сэргийлэх,  малыг эрүүлжүүлэх, чиглэлээр  хэд хэдэн тооны ажлуудыг  ХХААГазраас хийх юм байна. ХХАА-н үйл ажиллагааг газар дээр нь гардаж явуулдаг мэргэжилтнүүд өөрсдөө оролцож ажил, арга барилаа сайжруулах, өөрчлөлт дэвшилт хийх тал дээр зөвхөн дарга нарыг сонсох биш санал бодлоо хуваалцсан, оролцоогоо бий болгосноороо тус зөвлөгөөн онцлогтой байлаа. Тухайлж яригдсан асуудлуудыг зөвлөгөөнд оролцогсод  ажил хэрэг болгохдоо ихээхэн өөрчлөлт, ахицыг гаргах болов уу гэсэн хүлээлтийг аймгийн удирдлагууд тавьж байна. 

2017-01-31 12:48:16