• 12 сарын 23, Даваа гараг
Г.БАТЖАРГАЛ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛӨӨР САР БҮР 3-4 БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГДӨГ БОЛНО
302 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга өөрийн харъяа агентлаг, газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулах үеэр хэлсэн үгийг хүргэж байна.

 

 

Он гарсаар аймгийн Засаг даргын зөвлөл Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Боловсрол, Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын 2016 оны ажлын тайлан, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт, үр дүнг тооцож, ачаалалтай ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн Засаг даргын зөвлөл нийтдээ 70 гаруй байгууллагын үйл ажилагаатай танилцаж ажлын үр дүн, гарсан зөрчил, гаргасан амжилтыг сонслоо. Үүний зорилго нь аймгийн хэмжээнд шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллаж буй Засаг даргын зөвлөлийн гишүүдэд аймгийн голлох салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, цаашид юун дээр анхаарч аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтод үйл ажиллагаанд хэрхэн уялдуулж хэрэгжүүлэх вэ гэдэг нэдсэн ойлголттой болоход чиглэгдсэн. Түүнээс бус хэн нэгний ажлыг шүүж, шүүмжлэхдээ гол нь байгаагүй юм гэдгийг хэлмээр байна.

 

Манай ЕБС, СӨБ-ын байгууллагууд, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын хэмжээнд ахиц дэвшил, амжилт бүтээл ихтэй сайн ажиллаж буй менежерүүд байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын зөвлөл хоёрдугаар сарын 1-2-нд шилжих шөнийн 05 цаг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн тайланг сонслоо. Нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн амь нас хохирсон зэрэг алдаа оноотой байдал байгаа боловч олон нийтэд эл болдоггүй, хүний алтан амийг аварч гарсан олон сайхан гавьяа байна. Эндээс та бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой.

 

Хүнийг алдаагаар нь дүгнэж шүүмжлэхдээ биш ололт амжилтыг нь харж, сайшааж байх учиртай. Ялангуяа олон хүний амь нас, эрүүл мэндийн манаанд нойр хоолоо хасан байж зүтгэж яваа эрүүл мэндийн салбарынхны гаргасан олон арван амжилтыг нь ярьж, ганц нэг алдааг шүүмжлэхийн өмнө нягталж, учир шалтгааныг тогтоож байх хэрэгтэй юм.

 

Энэ үйлсэд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд маань сенсацийн араас хөөцөлдөж байгаа нь нийгэмд буруу зөрүү ойлголтыг төрүүлж, нэг хүний алдаатай үйл ажиллагаанаас нийт салбарын нэр хүнд харладаг байдал бий болсон байна. Тийм учраас хаа хаанаа анхаарч, алдаатай асуудал байвал хамтдаа засч, сайжруулж, ахиц дэвшил ололт амжилттай, бусдад үлгэр дууриал болохуйц сайн ажил, санаачилга байвал түүнийг товойлгон гаргаж байя. Шударга ажилчдыг сайшааж, тэднийг таниулж ажиллаарай. Нийгэм маань гэрэлтэй, гэгээтэй ирээдүйн төлөөх тэмүүлэлтэй байх ёстой. Тийм учраас манай хэвлэл мэдээллийн байгууллагаад маань сенсацийг түгээдэг бус нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсч байна.

 

ЕБС-ууд дээр төсвийн сахилга бат зөрчсөн, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй долоон сургуулийн захиралтай, СӨБ-ын байгууллагууд дээр хөдөөгийн сумдын хоёр багш, аймгийн төвийн цэцэрлэгийн тухайд хоёр эрхлэгчтэй тус тус хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх шийдвэр гарч байна. Нэг цэцэрлэгийн санхүүгийн хяналт, шалгалтын дүнг харж байж асуудлыг шийдэхээр боллоо.

 

СӨБ-ын байгууллагуудад олон жил ажилласан шилдэг менежерүүд ажиллаж байгаа. Гэвч нэг байгууллагад хэт удаан ажиллахаар хамт олондоо уусах, эсвэл хамт олноо хувийн хандлагаар үнэлэх, удирдах алдаа дутагдал гарч байгаа юм. Энэ нь нийгмийн хүсч буй шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс цэцэрлэгийн менежерүүдийг хооронд нь сэлгэж ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэснээр тухайн цэцэрлэгтээ хэрэгжүүлсэн шилдэг туршлагаа бусад цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх, шинэ хамт олныг өөр арга барилаар удирдах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

 

ЕБС-уудын хэд хэдэн захиралд хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Хамгийн гол нь бид ЕБС-уудын сургалтын чанарыг сайжруулахад анхаарч байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард авсан шалгалтад багш нар маань үнэхээр хангалтгүй дүн үзүүлсэн.  Дүнгээс улбаалж бид энэ чигээр нь цааш нь явуулах уу, эсвэл тодорхой шаардлага, болзол тавьж ажиллах уу гэдэг асуудал гарч байна. Мэдээж бид шаардлага, болзол тавих болно. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Стандартад суурилсан боловсролын тогтолцоог аймагтаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж ажиллах болно. ЕБС-уудад ажиллаж байгаа багш нар маань өмнөх шалгалтаас хойш хичээл зааж буй арга зүй, арга барилыг сайжруулах, өөрсдөө хөгжих эрмэлзлэлтэй байгаа нь маш сайн үзүүлэлт. Сайн багштай байвал сайн шавьтай болно. Сайн шавь нар маань эргээд аймаг орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо төлөө өндөр бүтээлтэй ажиллах боловсон хүчин болно. Тиймээс ирэх тавдугаар сард авах шалгалтад манай багш нар хангалттай сайн дүн авна гэдэгт итгэж байна.

 

Мөн өнөөдөр аймгийн хэмжээний төрийн гол бодлогын салбаруудын хэрэгжүүлэгч агентлагуудыг удирдаж энэ дөрвөн жил нэг баг болон ажиллах удирдлагууд цугласан. Энэ дундаас бид эхний ээлжинд таван байгууллагын сонсголыг авч хэлэлцсэн. Ахиц дэвшил гаргаж, сайн ажиллаж байгаа юм байна. Харамсалтай нь Ус цаг уур, орчин шинжилгээний газар тайлангаа танилцуулсангүй.

 

Цаашдаа бид он хуучирлаа гэхгүйгээр сар бүр 3-4 байгууллагын тайлан сонсгол, учирч буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөөд явна. Нэг үгээр хэлбэл бүх байгууллагууд Засаг даргын зөвлөлийн хурлаар орж хэлэлцэгддэг, үнэлэгддэг болох юм.

 

Энэ дөрвөн жил бид голлох бодлогын салбар болсон эрүүл мэнд, боловсрол, ХАА, байгаль орчин, дээр нь төрийн чухал газруудад томоохон дэвшил гаргаж ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд төлөвлөдсөн ажил, арга хэмжээ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхэнтэйгээ нэг баг болж, гар сэтгэл нийлж ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж, аймаг орон нутгаа хөгжил дэвшилд хүргэхийн төлөө ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Энд Аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ бүрэн итгэлтэй байна.

 

Та бүхэндээ ажлын амжилт хүсэе.

2017-02-03 05:42:23