• 05 сарын 10, Бямба гараг
ЕСӨНБУЛАГ 9 ДҮГЭЭР БАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР БОЛЛОО
295 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан багийн эмэгтэйчүүдийн хоорондын найрсаг харилцаа хамаарлыг сайжруулах зорилгоор тус багаас аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Батсуурь, багийн Засаг дарга А.Батаа болон Баянхонгор сумын хурлын төлөөлөгч С.Батцэрэн, Г.Ганчулуун нар тус багийн 18 наснаас дээш эмэгтэйчүүдийн хооронд 3-р сарын 7-ны өдөр спортын тэмцээн уралдаан бусад арга хэмжээг зохион байгууллаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Т.Мөнхзаяа ахлагчтай “Бүсгүйчүүд” баг түрүүлж өргөмжлөл, алтан медаль 80,000 төгрөгөөр шагнагдсан бол Б.Есүй ахлагчтай “Золбоо” баг, М.Энхзаяа ахлагчтай “Анар” баг  тус тус удаалж өргөмжлөл медаль мөнгөн шагналын эзэд боллоо. Бидний өв соёл болсон үндэсний наадгай шагай няслах тэмцээнд олон эмэгтэйчүүд оролцсоноос С.Насанбуян 13 оноогоор тэргүүлсэн байна.

Энэ үеэр тус  баг хорооноосоо ажил үйлс, ухаан билиг, хайр халамжаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн 9 ээж алдараа дуудуулсан юм.  Л.Загд – Манлай ээж, П.Жавзандулам – Хатан ээж, Ц.Пунцаг – Ачлалт ээж, Г.Нарантуяа – Дархан ээж, Ц.Наранцэцэг – Уран ээж, Ж.Цэвэлээ – Халамжит ээж, Д.Үзмээ – Оюунлаг ээж, А.Цэвээмаа – Буянт ээж, А.Нанжид – Энэрэлт ээжээр өргөмжлөгдөж аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь болон бусад албаны хүмүүс өргөмжлөл шагналыг гардуулсан бол ГБХХГ-ын дарга Н.Мэндбаяр өргөмжлөгдсөн ээжүүдийн алдар гавьяаг мялааж “Эмэгтэйчүүдийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Есөн булаг 9 дүгээр багийн 2017 оны шилдэг бизнесмэн эмэгтэйгээр “ГҮНЖ” дэлгүүрийн худалдагч И.Одмаа тодорч хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баяртай байна. Ийнхүү хүрсэн газар бүртээ хайрыг түгээж чадах эрхэм увидас бүхий бүсгүйчүүдээ тус багаас шат шатанд сонгогдсон төлөөлөгчид баярлууллаа. Есөнбулаг 9-р багийн овоглосон ээж бүсгүйчүүдээ илүү олноор баярлуулах урамшуулах үүднээс энэ арга хэмжээг цаашид тогтмол хийж тогтох юм байна.

2017-03-10 06:38:37