• 05 сарын 10, Бямба гараг
ТЭМЭЭ ТЭНГЭРИЙН АМЬТАН – 2017 АРГА ХЭМЖЭЭ 14 ДЭХ ЖИЛДЭЭ БОЛЛОО
220 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнө эртнээс уламжлан нүүдлийн мал аж ахуйг эрхлэж ирсэн өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн гол суурь нь  мал аж ахуй. Малынхаа тоо толгойг нэмэгдүүлэх үүднээс малчид багагүй хугацаанд чамгүй хөдөлмөрлөсөн. Үүний  үр шимд  Баянхонгор аймаг улсын хэмжээнд ямаан сүргийнхээ тоо толгойгоор 1-рт, тэмээн сүргээрээ 2-рт, нийт малынхаа тоогоор 5-т жагссан  юм. Таван хошуу малаас сүү болон бусад таваарлаг байдлаараа хамгийн ашигтайд тооцогдох тэмээн сүргийн тоо толгойг нутагтаа өсгөх зорилгоор “Баялаг өлзий” ХХК-ний захирал Ж.Өлзийбодьжавын 2003 оноос санаачлан эхлүүлсэн тэмээний баяр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын налгар талд 14 дэх жилдээ амжилттай боллоо.

 

Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон  Баянцагаан сумын удирдлага,  үе үеийн тэмээчид оролцлоо. 1975 онд 2 бөхт тэмээ 800,000 тоо толгойд хүрсэн байсан бол 2003 онд улсын хэмжээнд 200,000, Баянхонгор аймгийн хэмжээнд 20,000 болтлоо буурчээ. Ингэж цөөрсөн тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилготой эхлүүлсэн энэ мэт олон ажлын үр дүнд Баянхонгор аймгийн  малчид тэмээгээ 2,5 дахин хувиар өсгөж 50,000д хүргэж чадсан амжилтыг  үзүүллээ.

Таван хошуу малаа төрөл тус бүр дээр нь өөрийн аргачлалаар дорвитой өсгөсөн улсын аварга малчин Баянцагаан сумаас олон төрсний нэг нь аварга тэмээчин Жамбалжавын Молом агсан юм. Тус сумынхан аварга тэмээчнээ энэ үеэр алдаршуулж дурссан бол, хоёр бөхт тэмээн сүргээрээ овоглосон МУ-ын хөдөлмөрийн баатар Ч. Сугар-Очир, гавьяат малчин, МУ-ын алдарт уяач Ц.Шинэн нарын хүндэт эрхэмүүд тус арга хэмжээнд ирж оролцлоо. 

 

Тэмээний баярын нээлтийн үеэр зохион байгуулагчид  тэмээн хөсгийн цувааг хурсан олныдундуур явуулсан нь сууриншах хандлагаруу ороод байгаа хүн бүхэнд нүүдэлчдийн соёл уламжлалаа харуулж, сануулж чадсанаараа сонин байлаа. Энэ үеэр шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулсан ба гоё ганган тэмээдээ тохош эдлэл хэрэглэлээрээ ижилсүүлсэн 10 гаран сайхан хосууд тэмээний баярын нэг чимэг нь болж өрсөлдсөнөөс  Баянцагаан сумын тэмээчин З.Хишигбаярын гэр бүл түрүүлж мөн сумын тэмээчин М.Мөнхбат болон н.Аюушийн гэр бүл удаалав.

Тэмээчдийн урмыг сэргээх алдрыг дуурсгах зорилгоор монгол тэмээний уралдааныг жил бүр явуулдаг ба үүнд ч говь нутгийн зон олон өндөр бэлтгэлтэйгээр оролцдог болжээ. Хаяа аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан эрүүл бүсээр үлдээд байгаа аймгийнхаа мал сүргийг эрүүл байлгах үүднээс Баянхонгор аймгийн Засаг дарга малын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу нутгийн говийн найман сумаас тэмээчид өөрсдийн тэмээгээ авч ирж уралдуулсан юм.

Монгол тэмээний уралдаанд нийт 84 тэмээ уралдсанаас Баянлиг сумын тэмээчин Ж.Батсайханы улаан тэмээ түрүүлж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Монгол тэмээний уралдаанд түрүүлсэн улаан тэмээний эзэн Батсайханг “Говийн сэргэлт сан”-гийн тэргүүн Ж.Өлзийбодьжав   мотоциклоор байлж шагнав.

Хурдан торомны уралдаанд 40 тором уралдсанаас Шинэжинст сумын тэмээчин н.Лувсанчогвоогийн бор тором түрүүллээ. Хөл урт,  хурд сайтайгаараа монгол тэмээнээс ялгаатай бэсрэг тэмээний уралдаанд эхний тавд Баянлиг сумын шар тэмээд орсон байна.  

Тус тэмээний баярыг зохион байгуулахад Говийн сэргэлт сангаас жилд 20-иод сая төгрөг зарцуулдаг байна. Энэ жил Швейцарийн хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл болон улсын аварга тэмээчин Ж.Молом агсаны үр хүүхдүүд уралдааны зарим төрлийг ивээн тэтгэж оролцсон ба тэмээний уралдааны төрөл тус бүрийн эхний байруудыг авсан тэмээчдийг өргөмжлөл мөнгөн шагнал, Бодиос брэндийн ноос ноолуурын бүтээгдэхүүнээр шагнасан бол тэмээгээ өсгөсөн хувиар нь үнэлэж Баянцагаан сумын тэмээчдээс есөн алдартныг өргөмжиллөө. 

Зургаан айраг хоёр түрүүг бүсийн чанартай тэмцээн уралдаанаас авсан нэр бүхий 16 уяачийг аймгийн алдарт уяач цолоор шагнасан нь тэмээнд хайртай, түүнийг өсгөн үржүүлдэг олон тэмээчдэд урам хайрласан юм.

Ирэх жилийн тэмээний баяр Баянхонгор аймгийн Жинст сумын зэгсэн шаргал талын дунд болхоор тогтосноор налгар урин цагийн эхэн шинийн есний билэгт сайн өдөр Баянцагаан суманд хийсэн тэмээчдийн баярын арга хэмжээ өндөрлөлөө. 

 

2017-03-10 12:54:02