• 12 сарын 23, Даваа гараг
Ч.ОЧИРБАТ: МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙГ АРМИЙНХАНД АНХ МЭДЭЭЛЖ БАЙЛАА
165 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 36 ЖИЛИЙН ОЙД

 

Одоогоос 36 жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн сансрын уудамд нисч, цэнхэр бөмбөрцгөө бүтнээр нь хязгааргүй сансраас харж байжээ. Тэрхүү түүхэн үйл явдлын гэрч болж, баярт үйл явдлыг сурвалжилж байсан бэлтгэл офицер Чимэдийн Очирбаттай ярилцлаа.

 

Ч.Очирбат 1979-1982 онд Улиастайн дивиз, БХЯ-ны Жанжин штабын грааш буюу 089 дүгээр цэргийн ангид алба хааж, БХЯ-ны Байлдааны бэлтгэл газар буюу 13-р газрын “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн редакцид утга зохиолын ажилтан, сурвалжлагчийн ажлыг гүйцэтгэж байжээ.Тэрээр 1982-1983 онд Эрхүүгийн Их сургуулийн рафпак, хуучнаар ЗХУ-д Соёлын дээд сургууль, Удирдлагын академийг төгсчээ.Одоо аймгийн Засаг даргын Тамгын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиож байна. 36 жилийн өмнө та тэрхүү үйл явдлын гэрч болжээ. Энэ азтай завшаан хэрхэн тохиосон талаарх түүхийг сөхөж яриагаа эхэлье?

 

Монгол хүн сансарт нисэх тухай улсын маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл шүү дээ. Би 1979 онд цэргийн албанд мордоод эхний жил Улиастайн 011 дүгээр нэгтгэлийн Тагнуулын салаанд алба хааж байгаад 1980 оны хавар Батлан хамгаалах яамны штабын грааш буюу 089 дүгээр цэргийн ангид шилжиж ирсэн юм.Тэгээд БХЯ-ны 13 дугаар газар буюу Байлдааны бэлтгэл газраас эрхлэн гаргадаг “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн утга зохиолын ажилтны үүргийг байлдагч цолтой гүйцэтгэж байлаа.1981 оны гуравдугаар сарын 21-ний 22.00 цагийн үед Байлдааны бэлтгэл  газрын дарга, “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, хошууч генерал Л.Моломжамц тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, хошууч Д.Мижиддорж  бид хоёрыг өрөөндөө дуудаад сансарт хүн нисэх тухай мэдээлж,  хоёр дугтуйтай баримт бичгийг Мижиддорж хошуучид  өгч “Улаан од” сонины редакцид ажиллах тушаал өгсөн юм. Энэ мэдээлэл бол монгол хүн сансарт нисэх тухай анхны мэдээлэл байсан юм билээ. Харин бидний хэдэн хүн түрүүлж мэдсэн нь азтай юм.

 

”Улаан од” сонины ерөнхий эрхлэгч дэд хурандаа Баярмагнайд  ирсэн тухайгаа илтгэсэн. Энэ талаарх мэдээллийг Баярмагнай дэд хурандаа  авсан байсан болохоор хамтран ажиллах тухайгаа ярилцаж, хоёр дугтуйтай бичгийн алийг нь задлах тухай тушаал, камандийг хүлээн байлаа.

 

Хоёр дугтуйтай бичгийг яагаад задлахгүй хүлээж байгаа билээ?

 

Дээд газрын камандыг хүлээж.

 

Хоёр дугтуйнд юу байсан юм бэ?

Сансарт нисэх монгол хүний нэр байсан.Тусгай кодтой байсан шиг санаж байна. Тэр шөнө “Улаан од” сониныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хонож байсан.Тэгээд л Намын төв хороо, засгийн газар, Батлан хамгаалах яамнаас шийдвэр ирж, хоёр дугтуйны нэг болох Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн код бүхий дугтуй задлагдаж, намтар, түүх, сансарт ниссэн үеийн зураг, палакатууд задлагдсан түүхтэй.Тэгээд гуравдугаар сарын 22-ны өглөө үүрээр Ж.Гүррагчаа сансрын нисгэгчийн сурталчилгааны зургийг Улаанбаатарын шугамын автобус, гудамж, талбай, албан байгууллага, газрууд, цэргийн ангиудад тараах ажил эхэлсэн юм. Манай “Байлдааны бэлтгэл” сэтгүүлийн редакци сурвалжлага, материал бэлтгэж, сурталчилж байлаа.

Одоо дурсахад сайхан байна.Хонгор нутгийн хүү байлдагч  миний бие 36 жилийн өмнө буюу1981 онд монгол хүн анх сансарт ниссэн баярт үйл явдлыг сурталчилж, Батлан хамгаалах яамны “Байлдааны бэлтгэл” сэтгүүл, “Улаан од” сонинд олон сурвалжлага, ярилцлага гаргаж байлаа. Тухайлбал, Ж.Гүррагчаагийн намтар, танилцуулга, зурагт хуудас зэргийг өөрийн сонин, сэтгүүлд нийтэлж, бидний гараар дамжиж ардын армийн албан хаагчид сансарт ниссэн хүүгийнхээ талаар мэдэж байлаа.  

2017-03-22 08:35:06