• 12 сарын 23, Даваа гараг
Баянхонгорчууд хөгжлийн "ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ"-нд суух тасалбараа авч чадлаа
174 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн энэ сарын 2-нд Улаанбаатар хотноо МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн Их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, Япон, БНХАУ, Энэтхэг зэрэг таван улсын Элчин сайд, эдгээр улсын бизнесийн төлөөлөл, доддтын томоохон ААН, эрдэмтэн судлаачид нийлсэн 200 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөн Баянхонгорт хөгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аймгийн нийгэм эдийн засгийн түвшин, ард иргэдийн амьжиргааг дэмжих зорилгыг зохион байгуулагчид өмнөө тавьсан. Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, МҮХАҮТ, ГХАН-ийн ЭТИС хөтөлбөр, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөл, Төлөөлөгчийн газар хамтран зохион байгууллаа.

 

Тухайлбал Баянхонгор аймагт ХАА, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломж байгаа юм. Уг боломжийг эдийн засгийн бодит хүчин хөшүүрэг болгохын тулд мах, сүү, цементны үйлдвэр байгуулах, дулааны цахилгаан станцтай болох, дэлхийд хосгүй эмийн ургамлыг тарималжуулах, хаана ч байхгүй байгалийн өвөрмөц давуу байдал, түүнд орших түүхийн болон байгалийн нөөцийг ашиглаж аялал жуулчлалын шинэ зах зээл нээх зэрэг олн төслийг хөрөнгө оруулагч нарт танилцууллаа. Эдгээр төслүүд нь Монгол Улс, тэр дундаа Баянхонгор аймагт бүрэн хэрэгжих боломжтой, эдийн засгийн асар их нөөцтэй салбарт хэрэгжүүлэхээр байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байв. Гагцхүү хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчин чухлыг онцолж байв. Энэ тухай аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсын хууль тогтоомжийн тогтворгүй байдал, бусад шалтгаануудаас хөрөнгө оруулалтаа татах, хумих вий гэсэн эмзэглэл байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллахдаа “Гадаадын хөрөнгө оруулагчдын улс оронд итгэх итгэл сайжирч, хөрөнгө оруулалтын таатай орчинг үнэлж, буцаад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа”-г танилцуулсан. Тэгэхээр Монгол улс, Засгийн газрынхаа хэмжээнд таатай орчинг бүрдүүлсэн бол тэр нь хаана хөрөнгө оруулав гэдгээс үл хамаараад хөрөнгө оруулалтын таатай орчин хадгалагдаж байх ёстой. Бид тэр бодлогын хүрээнд явна. Ер нь аймаг орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийчихсэн байхад иргэдийн эсэргүүцлээр байдаг юм уу, хэн нэг албан тушаалтны дарамтаар, төрийн албаны хүнд суртал нөлөөгөөр үйл ажиллагаа нь удаашрах, хязгаарлагдах зэрэг ойлгомжгүй байдал үүсгэхгүй байхыг зорино" гэдгийг тодорхой хэлсэн юм.
 
 
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэг шат ахиулж, гадны болон дотоодын хөрөнгө оруулалтын урсгалыг Баянхонгор руу чиглүүлж чадсан энэ удаагийн зөвлөгөөн өмнөө бавьсан зорилгоо биелүүлж чадлаа. Зөвлөгөөний хүрээнд зургаан чиглэлээр 10-аад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 
 
 
Энэ хүрээнд эхний ААН-үүд 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
 
Уг санамж бичгийг байгуулснаар Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө талууд хамтран ажиллах юм. Ингэхдээ тус аймагт шаардлагатай мэргэшсэн албан хаагч, ажилтнуудын богино, дунд, урт хугацааны сургалтыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, шинэ технологийг судлах улмаар нэвтрүүлэх үүд хаалгыг нээж байна. Нэг үгээр хэлбэл баянхонгорчууд хөрөнгө оруулалтын шинэ сувгаа нээж, хөгжлийн "хурдны галт тэрэг"-нд суух тасалбараа авч чадлаа.
 

 

2017-04-05 08:31:53