• 12 сарын 23, Даваа гараг
Г.Батжаргал: Тогтвортой бодлогоор хөрөнгө оруулагчдыг дэмжинэ
149 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Баянхонгор хөрөнгө оруулалт-2017” зөвлөгөөн өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Энэхүү зөвлөгөөнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төр хувийн хэвшлийнхэн оролцож Баянхонгор аймагт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа.

-Баянхонгор хөрөнгө оруулалт зөвлөгөөнд нэлээд олон төсөл танилцууллаа. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнд аль салбарт хамтран ажиллах сонирхлоо илүүтэй илэрхийлж байна вэ? 

-Зөвлөгөөнд танилцуулагдаж байгаа төсөл болгон ач холбогдолтой, хэрэгжүүлвэл үр өгөөжтэй. Эдгээрээс онцолж хэлвэл “Баянхонгор аймаг аялал жуулчлалын шинэ зах зээл” төсөл. Манай аймаг хүний үүслийн өлгий нутаг, анх хүн амьдарч эхэлсэн ул мөр олдсон, шаргалжуутын рашаан, дэлхийд цор ганц байвгайн төрөл маазайлай, эцэг өвгөдийн чуулж байсан Хүрэн бэлчир, үзэсгэлэнт сайхан байгаль, Эх богд хайрхан, говь Бууцагаан нуур, биндэрьяа Хөх нуур гээд үзэж харах зүйл бидэнд байна. Монгол орны байгаль цаг уурын 4 бүс, бүслүүрийн онцлоыг шингээсэн гэдгээрээ Баянхонгор аймаг гэдгээрээ жуулчдын, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Өөрт байгаа энэ боломжоо ашиглан аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, гадаад дотоодын жуулчдыг татах төсөл. Мөн зөвхөн говьд ургадаг эмийн үнэт ургамлуудыг тарималжуулж, байгальд ургаж байгаатай ижил биологийн идэвхит бодис агуулсан эмийн ургамал их хэмжээгээр гаргаж авах төслийг нэрлэж болно. Чихэр өвс, чонон хармаг, зээргэнэ, чацаргана, гүргэм гэх зэрэг эмийн үнэт ургамлыг байгалийнх нь бүс бүслүүрт тарималжуулж, түүнийгээ олборлох, эмийн үйлдвэр байгуулан дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бололцоог аймаг орон нутгийн удирдлага нээж өгч байна. Миний сая дурдсан хоёр төсөлд хамтрах сонирхлоо хөрөнгө оруулагчдын зүгээс илэрхийлээд байна.

-Эмийн ургамлыг тарималжуулж, олборлох, экспортлох, бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхэд багагүй хөрөнгө шаардагдах нь мэдээж. Зарцуулагдах хөрөнгийн хэмжээ ямар байх вэ?

-Баянхонгор аймаг эмийн ургамал ургах таатай орчинтой, цаг ууртай гэдгээрээ онцлог. Нэг га талбайд эмийн ургамал тариалахад дунджаар 10 хүн ажиллуулна гэж тооцоход багадаа 1000-аас доошгүй ажлын байрыг говийн бүс нутагт бий болно гэж үзэж байгаа. Энэ боломжийг бид иргэддээ олгож байгаа. Төсөлд хөрөнгө оруулах компаниуд маань байгальд ургасан ургамлыг түүж олборлох бус өөрсдөө тарималжуулж ургуулах юм . Энэ утгаараа эхний ээлжийн хөрөнгө оруулалт өндөр буюу дунджаар 7-8 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо бий. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр 200 орчим га талбайд эмийн ургамал тариалах зорилтдоо хүрнэ. Энэ төслийг сонирхсон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачид зөвлөгөөнийг зорин ирж санал санаачлагууд гаргалаа.

-Аялал жуулчлалын шинэ зах зээл төслийн хүрээнд маршрут, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд санал болгож байгаа юм байна. Төслийн хүрээнд аялал жуулчлалын салбараас орж ирэх орлого, ажлын байр ямар түвшинд хүргэх зорилго тавьж байгаа вэ? 

-Өнөөдрийн байдлаар гадаадын жуулчдыг хүлээн авдаг ганц жуулчны бааз байна. Дотоодын аялал жуулчлалын чиглэлээр бол Шаргалжуутын рашаан сувилалаас эхлээд аймаг тойрсон хэд хэдэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн багадаа нэг жуулчнаас өдөрт 100 ам.долларын орлого орж ирнэ гэж тооцоход жилдээ 1000 орчим жуулчин ирдэг гэх судалгаа бий. Бид жилд ирэх жуулчдын тоог 10 мянгад хүргэх зорилго тавьж байна. Үүний тулд хамгийн эхлээд жуулчдыг байх хугацаанд уйдаахгүй маш сайн аялалын маршруттай болох шаардлага үүсч байгаа. Байгалийн үзэсгэлэнт газар, уламжлалт ёс заншил, ховор нандин олдвор, ан амьтан гэх зэрэг үзэж харах зүйлтэй байх ёстой.

Хоёрдугаарт жуулчдыг байрлаж буй баазаас нь очиж авдаг, тодорхой маршрутаар аялуулаад эргэж хүргэж өгөх зэрэг сэтгэл хангалуун буцах бүхий л бололцоог бүрдүүлэхийг чухалчилж байна. Үүний тулд жуулчны баазууд нэмж байгуулах, тэдэнд эрх олгох, хөрөнгө оруулалт оруулах ажлуудыг шат дараатай хийнэ. Дээрх ажлуудыг хийсний дараа жуулчдыг Баянхонгорт саатуулах, тэндээс орлого олох боломж бүрдэх юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ирэх 4 жилд суурийг нь сайн тавих гол ажлуудын нэг болоод байна.

-Та уул уурхайн компаниудын хариуцлагыг өндөржүүлнэ гэж илтгэлдээ дурдсан байсан. Нөгөө талаас энэ салбарын хөрөнгө оруулагчдад таатай орчин чухал. Энэ асуудалд ямар ажлууд хийгдэх вэ?

-Манайх ашигт малтмалын нөөцөөр баян аймгуудын тоонд багтдаг. Гэхдээ улс орны хэмжээнд, аймаг орон нутгийн хэмжээнд эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөх томоохон орд илрээгүй байна. Энэ нь хайгуул судалгааны ажил хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 74 аж ахуй нэгж 99 хайгуулын лиценз эзэмшиж байна. Эдгээрээс 20 орчим аж ахуй нэгж нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Үлдсэн нь ямар нэг зардал гаргахгүй, лицензээ хадгалаад байдаг. Магадгүй цааш нь дамлан зарах зорилготой холбоотой байж мэднэ. Тиймээс энэ асуудалд хяналт тавьж, үхмэл байдалтай байгаа лицензүүдийг хуулийн хүрээнд татаж авах, эдийн засгийн эргэлтэд оруулах, баялагийг нээж илрүүлэн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хүссэн хүн бүр уул уурхайн үйл ажиллагаа явуулна гэж ойлгож болохгүй. Маш өндөр хариуцлага шаардана. Уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулсан бол байгалийг унаган төрхөнд нь оруулсан байх ёстой гэдэг шаардлага л тавина. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай хийлгэхэд анхаарч хариуцлагын гэрээг аймаг орон нутгийн удирдлагатай байгуулна. Энэ асуудлаа саяхан аймагтаа уул уурхайн салбарынхантай зөвлөлдөж ний нуугүй ярилцаж, маш сайн ойлголтод хүрсэн. Хэн нэгний захиалгаар юмуу, ар өврийн хаалгаар, хууль зөрчин ажиллах гэсэн өмнөх хандлагаар хандвал бид хүлээж авахгүй.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал чухал гэцгээдэг. Гол нь үр өгөөжтэй байх ёстой . Харин Баянхонгор аймгийн хувьд энэ чиглэлийн үйлдвэрлэл бий болгох нөөц боломж нь ямар байна вэ?

-Малын гаралтай түүхий эдийг боловсруулахаас илүү түүхийгээр нь гадагш гаргаж байна. Энэ бол дан ганц манай аймаг биш улсын хэмжээнд нийтлэг байгаа зүйл. Тэгэхээр энэ салбарт заавал том хэмжээний, ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан үйлдвэр байгуулах шаардлагагүй. Харин тухайн сумынхаа ард иргэдийн хэрэгцээг хангах, аймаг, бүс нутгийн хэмжээнд худалдаалах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэвтрүүлэх нь чухал байна. Наад зах нь нэхийгээ боловсруулаад цэвэр үзэмжтэй бүтээгдэхүүн хийчихдэг болмоор байна. Аймгийн хэмжээнд жилд 600 мянган арьс шир нийлүүлж байна. Энэ нөөцдөө тохирсон дунд хэмжээний боловсруулах үйлдвэр байгуулах замаар ажиллах боломж бий. Мөн ноос, ноолуур угааж, самнасан байдлаар зах зээлд нийлүүлэх бодлогыг заавал хэрэгжүүлнэ. Баянхонгор аймаг 2 сая 600 мянган ямаатай. Жилдээ 770 орчим тонн ноолуур гаргаж байна. Ийм хэмжээний ноолуурыг угааж самнаад гаргавал хэд дахин их хэмжэний ашиг гарч, аймагтаа эдийн засгийн эргэлтэд орно. Тиймээс энэ чиглэлийн үйлдвэрт хөрөнгө оруулалт татах сонирхол их байна.

-Зөвлөгөөний үр дүнд хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Одоо хэрэгжүүлэх нь чухал байна?

-Мах боловсруулах үйлдвэр байгуулж, боловсруулсан бүтээгдэхүүн гадаад зах зээлд нийлүүлэх санал давамгайлж байсан. Энэ ч утгаараа зөвлөгөөнд оролцогчдоос багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа. Мөн эмийн ургамал тариалах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж гадаадын жуулчдыг татах замаар харилцан ашигтай хамтран ажиллах хэд хэдэн төсөл дэмжигдэж, санамж бичиг байгууллаа. Тухайлбал Шаргалжуутын рашаан сувилалд өндөр зэрэглэлийн зочид буудал барьж, түүнийгээ дагасан элит жуулчны бааз бий болгох санал санаачлагууд гарч байна. Эдгээр төслүүд үр өгөөжээ өгч эхний ээлжийн хөрөнгө оруулалтууд Баянхонгор аймагт хийгдэх болсонд баяртай байна. Алсдаа Сэхээ боомт- Баянхонгорын чиглэлд хатуу хучилттай хурдны зам барих, цементийн үйлдвэр барих, эмийн ургамал тариалах замаар хамтран ажиллах ажил хэрэгч санал гарч байна. 2

025 он гэхэд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьсон том жижиг нийт 117 төсөл хөтөлбөр бий. Эдгээрээс хөрөнгө оруулалт их шаардсан төслүүдөө зөвлөгөөнд танилцууллаа. Нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Эхний ээлжинд өндөр үр ашигтай томоохон төслүүдээ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж, хөдөлгөөнд оруулахыг зорино. Мэдээж хувийн хэвшлийн дэмжлэг санаачлага, иргэдийнхээ оролцоотой энэ бүхнийг хэрэгжүүлж бодит үр дүнгээ хүртэнэ шүү дээ.

-Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал зүйл нь эрхзүйн тогтвортой байдал, татварын таатай орчин, засаглалын тогтвортой байдал. Энэ асуудалд хэрхэн анхаарч, тэнцвэрийг нь олж ажиллах вэ?

-Монгол Улс нэгдмэл бодлоготой. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдаа дэмжсэн эдийн засгийн бодлого явуулж байна. Энэ бодлогыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллана. Хоёрдугаарт 2016 онд буюу өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, намуудын төлөөллийг оролцуулж дунд хугацааны хөгжлийн стратегийг боловсруулсан. Өнөөдөр МАН олонх болсон ч өмнө нь баталсан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна. Магадгүй 2020, 2024 онд аль ч нам засаг барьсан энэ хөтөлбөрөөс хазайхгүй. Энэ бол хөрөнгө оруулагчдад нэг талаас бодлогын хувьд тогтвортой ажиллах баталгаа болж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

2017-04-05 08:41:45