• 12 сарын 23, Даваа гараг
Утааны эсрэг нэг алхам-эко цахилгаан автобус явж эхэлнэ
183 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр /2017.04.10/ Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Төгс төгөлдөр үйлс” ХХК, “Экологбус” ХХК Баянхонгор хотноо эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтргүүлэх хамтын ажиллагааны гургвалсан гэрээ байгууллаа.  Талуудыг төлөөлж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Төгс төгөлдөр үйлс” ХХК-ийн захирал П.Лхагвасүрэн, “Экологбус” ХХК-ийн захирал Д.Ариунболд нар гарын үсэг зурав.

 

Ингэснээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.126, 127 дугаар заалт, 2017 онд Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.112 дугаар заалтад туссан зорилт биелэлээ олж байна.

 

Тус заалтуудад Баянхонгор суманд нийтийн зориулалттай “Эко автобус” явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилэхээр туссан. Утааны эсрэг нэг алхам болж буй Эко автобус энэ оны долдугаар сараас эхлэн үйлчилгээнд явж эхлэх юм. Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн эко цахилгаан автобус J-800EV-3 загвар нь цахилгаанаар явдаг тул байгаль орчинд ээлтэй, орчны болон агаарын бохирдол үүсгэдэггүй гээд олон давуу талтай.

Нийтдээ найман эко автобусыг “Төгс төгөлдөр үйлс” ХХК-д эзэмшүүлэх замаар нийтийн тээвэрт явуулах аж. Нийт санхүүжилт 243 сая төгрөг. Санхүүжилтийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр шийдэх аж. Зээл гурван жилийн хугацаатай, жилийн хүү нэг хувь хүртэл байхаар байна.

 

Монгол хүн Монгол хүнээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө гэдгийг талууд онцлон тэмдэглэж байв. Энэ утгаараа эх орондоо автобус үйлдвэрлэж буй “Экологбус” ХХК автобус нэг бүрийн үнээс 10 хувийн хөнгөлөлтийг Баянхонгорт үзүүлжээ.

 

Баянхонгор хотод 34 орчим мянган иргэн амьдарч байна. Нийт иргэдийн 70 гаруй хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн тооцоо бий. Тиймээс Баянхонгор хотод нийтийн тээврийн аюулгүй, чанартай үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа юм. Одоо явж байгаа Төгс төгөлдөр үйлс ХХК-ийн микро автобус нь эдэлгээний насжилт дууссан, чанарын шаардлага хангахааргүй хэмжээнд хүрээд байгаа юм. Тиймээс парк шинэчлэлийн хүрээнд эдгээр автобусыг нийлүүлж байна. 

2017-04-10 08:17:00