• 12 сарын 23, Даваа гараг
Хүнс үйлдвэрлэгчид аймгийн удирдлагуудтай зөвлөлдөв
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд аймгийн удирдлагуудтай нүүр тулж уулзалдаагүй байсан хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж буй хүнс үйлдвэрлэгчид өнөөдөр/2017.04.12/ зөвлөлдөж, санал бодлоо солилцлоо. Асуудал бэрхшээлээ ярилцаж, газар дээр нь шийдүүлсэн ажил хэрэгч уулзалтад аймгийн хүнс үйлдвэрлэлийн 10 гаруй төлөөлөл оролцов.

 

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Баянхонгор-Хөгжлийн корпорацийн үйл ажиллагаа зэргийг танилцуулсан. Хөгжлийн корпорацийн дэргэдэх Ажилсаг төв ирэх долдугаар сард ашиглалтад орсноор Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарынхан ажлын байраар хангагдаж, нэгдсэн зохион байгуулалтад байж тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Засаг дарга хэлэхдээ, “Сүүлийн судалгаагаар манай хүнс үйлдвэрлэгчид аймгийн нийт хэрэгцээний тал хүрэхгүй хувийг хангаж байгаа нь хангалттай тоо биш байна. Үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, чанар хүртээмжээ сайжруулах тал дээр онцгой анхаарах шаардалага байгаа”-г онцолсон.

Үйлдвэрлэгчид тулгамдсан асуудлаа ярьж байна

 

Талх, нарийн боовны “Сүлдэн тэнгэр” хоршооны хувьд тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх шаардлага байгаа, ингэснээр 5-6 хүнийг байнгын ажлын байраар хангаж үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэх боломжтойгоо хэлсэн. Харин Мөнх нар хоршоо аймгийн зах зээлээс хальж, Улаанбаатар, Өвөрхангай зэрэг бусад хотуудад бүтээгдэхүүнээ хүргэх сонирхолтой байдгаа хэлээд, санал тавьсан газруудаас Баркодтой савлагаатай байх шаардлага тавьсан бөгөөд их хэмжээгээр урьдчилан захиалчихаад хийлгэхсэн байгаа өмнөх уутнуудаа дуусгах хэрэгтэй болсноор ажил “гацчихаад” байгаа. Энэ дашрамд, аймагтаа сав баглаа боодлын үйлдвэр байгуулчихвал бидний үйлдвэрлэлийн нэг чухал хэсэг шийдэгдчихэж байгаа хэрэг. Улаанбаатар хот болон урд хөршид уут захиалж хийлгэхээр доод тал нь 10.000 хувиар гаргах шаардлага тавьдаг болохоор тэр бүр сав баглаа боодлоо шинэчлэх, олон дахин хэвлүүлээд байх боломж байдаггүйг онцлов. Өдгөө хоёр хүнтэй үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн бас нэг тулгамдсан асуудал нь ажлын байрны асуудал байгаа бөгөөд одоогийн байдлаар хувийн эзэмшлийн хашаандаа жижиг байшинд ажилладаг гэж байна. Сав баглаа боодлын хүндрэлтэй асуудлыг “Ээжийн бууз” үйлдвэрийнхэн ч залгуулан ярьсан. Мөн тэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

 

Баянханхишиг дундын хоршооны “Хамт” үйлдвэрт өнөөдөр 8 төрлийн даршилсан ногоог үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид ногоогоо хадгалах зоорь, агуулахын асуудал бэрхшээл болж байгаагаа хэлж байв. 150 орчим гишүүнтэй тус хоршоо багагүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан ч төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байгаа гэв. Хэрчсэн гурилын “Тост” цехийн тухайд төсөл бичээд тус дүнгээр биш тал орчим хувь нь дээр ирсэн нь санасан хэмжээнд үйл ажиллагаанд явуулж чадаагүй л байна. 10 шахам жил ажиллаж буй тус үйлдвэр хэрчсэн гурил, савхан гоймон үйлдвэрлэж байгаа бөгөөд дээрх зээл бүрэн бүтсэн тохиолдолд Оросын холбооны улсаас олон хэлбэрт гоймонгийн үйлдвэр оруулж ирэх гэж байснаа учирлав. Тэрбээр гарсан зээлийн хэмжээ нь үйлдвэрийн тоног төхөөрөмжид хүрээгүй учир бусад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж мөнгөө эргэлдүүлэх зорилготой ажиллаж байгаа гэлээ.

 

Бууз, баншны “Билэг” цехийн хувьд үйлдвэрийн байр барих газар нь байгаа хэдий ч барилга барих 30 орчим сая төгрөгийн мөнгөн дэмжлэг хэрэгтэй байгаагаа шуудхан хэлсэн. Өдгөө цайны газрын 2 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа тэдний үйлдвэрийн хувьд өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болчихвол ажлын байрыг хоёр дахин нэмэх боломжтой гэж байна.

2012 онд зургаан үнээтэйгээр үйл ажиллагаа эхлүүлж байсан Саалийн үнээний ферм өнөөдөр төл нийлсэн 40 шахам үнээтэй болоод амжжээ. Тус үйлдвэр 2016 оны зургадугаар сараас “Амтлаг” хэмээх 50 гр-ын мини тараг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө аймгийн зах зээлийн 70 орчим хувийг нийлүүлж байгаа гэж байна. Мөн аягатай таргийн үйлдвэрлэл эхлүүлж байгаа бөгөөд цаашид соруултай байдлаар хийж үйлдвэрлэлээ өргөжүүлснээр Монгол улсад анхны соруултай газар болох юм гэдгээ ам бардам хэлэв. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд Үнээний фермээс авах сүүний хэмжээгээ давхар нэмэх шаардлагатай болох учир гадны орнуудад үнээнээс авах сүүг хэрхэн нэмэгдүүлдэг, үржүүлэх тал дээр хэрхэн ажилладаг зэргийг судлах шаардлагатай байна хэмээн онцлов. Мөн багахан хэмжээний тоног төхөөрөмж нэмэх, хүргэлтийн машины зардал зэргийг тооцвол 10 гаруй сая төгрөгийн зээл авах шаардлага байгаагаа хэлсэн.

 

Цэвэр ус, Чацарганы “Well” хүнсний үйлдвэрийн тухайд үйл ажиллагаагаа эхлээд 2 жил шахамын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өдгөө 20 ажилтантай. Орон нутгийн зүгээс үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, таниулах тал дээр бодлогоор хамтарч ажиллаач гэх саналыг хэлж байв. Мөн Үдийн цай хөтөлбөр, орон нутгийн цэцэрлэгүүдийн хэрэгцээнд нийлүүлдэг байхад дэмжиж өгөх боломж бий эсэхийг лавлаж байсан.

 

“Начин” бэйкери үйлдвэрийнхэн хамгийн даацтай дэмжлэгийг хүсч байв. Тодруулбал, үйл ажиллагаагаа өргөтгөж, аймгийн нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн гаргахын тулд 300 орчим сая төгрөгийн зээл шаардлагатай байгаагаа хэлсэн.

 

Мөн тус үйлдвэрүүдийн ярьсан гол асуудлыг нэг нь орон нутгийн зах зээлээ хамгаалх өгөхөд хамтарч ажиллаач ээ гэх санал байв. Чадах чинээгээр үйлдвэрлэлээ явуулж байгаа ч бусад газруудаас чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, үнэ өртөг багатай ижил төрлийн бүтээгдэхүүнийг борлуулаад байдагт арга хэмжээ ав өгөөч гэх саналыг үйлдврлэгч бүр хэлж байсан.

 

Г.Батжаргал: Үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг байвал бүх талаар дэмжинэ

Аймгийн Засаг дарга үйлдвэрлэл эрхлэгчдийн хэлсэн зүйлсийн хариуд, “Шаардлагатай байгаа хөрөнгийн эх үүсвэрээ маш тодорхой гаргалгаатайгаар төсөл болгон бичээд холбогдох албаныханд ханд. Энэ удаад та бүгдийг тавьсан саналыг ирэх сарын нэгний дотор шийдэж өгье. Ажлын байр хүссэн үйлдвэрүүдэд “Ажилсаг” төвд үйлдвэрийн өрөө байраар хангая. Хамгийн гол нь та бүгд үйлдвэрлэлээ маш тогтвортой, чанарын өндөр түвшинд явуулах хэрэгтэй байна” гэв. Мөн тэрээр “Тун удахгүй би Хүнсний худалдаа эрхэлдэг газруудтай уулзалт зохион байгуулна. Тэр үеэр та бүхний өөрсдийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, холбогдох асуудлуудыг ярьж өгье. Хэрэв орон нутагт үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийнхийг бусад газраас авч борлуулаад орон нутгийн бизнес эрхэгчдээ дэмжихгүй байх юм бол нь найман нэрийн дэлгүүрүүдийг тусгай зөвшөөрөлтэй нь ярих хэмжээнд хүртэл асуудлыг тавина. Мөн гадны бараа бүтээгдэхүүн борлуулж байгаатай нь орон нутгийн татван ногдуулах замаар өөрийн аймгийн үйлдвэрлэгчдээ дэмжих бүх талын арга хэмжээг авч ажиллая” гэдгээ амласан.

 

Мөн тэрээр “Аймагтаа дунд хэмжээний сав, баглаа боодлын үйлдвэр байгуулна. Холбогдох газрууд тус асуудлыг шийдэхдээ болж өгвөл нийлэг уутнаас татгалзаж эко байдлаар хэрхэн хийж  болох ямар гарц байгааг судал” хэмээн Засаг даргын зөвлөх, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад үүрэгдэв. 

2017-04-12 10:46:23