• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН 12 СУМЫН 14 БАГ 24 ЦАГИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар мал төллөлт, ноолуур самнах малчдын ид ажлын үеээр Баянхонгор аймгийн 12 сумын 14 багт сургуулийн өмнөх насны боловсрол олгох төв буюу 24 цагийн цэцэрлэгийг байгуулан ажиллуулж байна. Хөдөөд амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор байгуулагдсан тус 24 цагийн цэцэрлэгүүд багш, туслах багш, тогооч, туслах ажилтан гэсэн 4 хүний орон тоотойгоор ажиллаж хөдөөгийн хүүхдүүдийг хөгжүүлж хүмүүжүүлэх үйл ажиллагааг гардан явуулж байна. Өөрийн санаачилан эхлүүлсэн ажил хэр явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцах зорилгоор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч, Чандмань Баянхонгор ХХК-ний захирал Э.Энхбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, Боловсрол соёлын газрын дарга М.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэцогт сумын Сэнжитийн 1-р багийн төвд байгуулагдсан 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай очиж танилцлаа.

Сэнжитийн 1-р багйин 24 цагийн цэцэрлэгт 3-5 насны 25 хүүхэд бүртгэлтэй. Эцэг эхчүүд даваа гарагийн өглөө хамгийн хол нь 30 км, ойр нь 4 кмээс хүүхдүүдээ авч ирж өгөөд баасан гарагийн орой гэрлүү нь авч явдаг байна.

Эрдэнэцогт сумын удирдлагууд багийн төвөө өөрсдийн бололцоогоороо эхний ээлжинд ийнхүү тохижуулжээ. Алслагдмал хөдөөгийн хүүхдүүдийг хөгжүүлэхдээ тус сумын цэцэрлэгээс багшлах арга барил сайтай багш нараа хөдөөрүүгээ илгээжээ.

Хүүхдийн дуу хаана ч цангинаж, тэд хаана ч зөв хүмүүжиж төлөвшиж болно гэдгийг тус цэцэрлэгийн хамт олон багийн иргэд нийтэд өөсрдийн арга барил, ажлаараа харуулж байна. Зарим нэг хүүхдийн хувьд олон хүүхдийн дунд ороод ирхээрээ гэрэвшиж бишүүрэхдэг, тал гарч ирсэн ч  өөрийгөө бусдад таниулах,  адил тэгш оролцоотой байхыг чармайж байгаа зэргээрээ эдгээр багачууд нийгэмшиж  эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд ч цэцэрлэгтээ явах тун дуртай байдаг байна.

Улсын хэмжээнд анхдагч гэж хэлж болохоор 24 цагаар хүүхдүүдээ хүлээж авдаг цэцэрлэг өөрийн багт нь байгуулагдсанд малчид баяртай байна. Хаврын ид ажил буюу мал төллөлт, ноос ноолуурын энэ цаг үеээр малчид хүүхдүүдээ орхигдуулдаг талтай. Энэ цаг үед тус цэцэрлэгийг байгуулсан нь тун ч нүдээ олсон ажил болжээ.  Ажлын 5 өдөрт нь ажлаа амжуулаад амралтын өдрүүдээр хүүхдүүдээ гэртээ аваачихдаа цэцэрлэгт сурсан шинэ дуу хөгжим бүжгийг нь харж сонсож баясдагаа эцэг эхчүүд ярьж байсан юм.

 

Малчдын хүүхдийг хөгжүүлэх тал дээр төрөөс тодорхой хэмжээнд анхаарч ажил хөтөлбөрүүд зохион байгуулдаг ч үр дүн нь төдийлөн ил тод гардаггүй. Малчид хүүхдүүдээ цэцэрлэгийн насанд нь гэрээр хүмүүжүүлж байгаад сургуульд орох нас нь болохоор аймгийн төврүү өгөх гэж зүтгэдэг, өгсөөр ч ирсэн. Үүнээс болж хөдөө эзэнгүйдэх, төв орон нутгийн төвлөрөл хэд дахин ихэссэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудын зүгээс хотын төвлөрлийг сааруулах бодлогыг баримталж байгаа ба үүний хүрээндээ багийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр тодорхой дэмжлэгүүдийг ч үзүүлж байна. Аймгийн Засаг дарга Эрдэнэцогт сумын сэнжит 1-р багийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж байх үеээрээ тус багийг багийн жишиг төв болгож цэцэрлэг сургуулийн хосолмол үйл ажиллагааг бүрэн хэмжээнд явуулах барилгыг энэ онд шинээр барихаар болсоноо мэдэгдлээ. Барилгын ажлыг тус сумаас аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгч Э.Энхбат барихаар боллоо. 

 

 

2017-04-18 07:07:23