• 12 сарын 23, Даваа гараг
Байгаль хамгаалах нөхөрлөлүүд чууллаа
273 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Байгалв хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 

Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын БОХХААБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман, Нөхөрлөлүүдийн Үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм болон 21 аймгийн ЗДТГ, 176 сумын Засаг дарга, 1000 гаруй нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцож байна. Байгаль хмгаалах нөхөрлөлүүдийн үндэсний холбоо нь Монгол Улсын хэмжээнд 4100 гаруй гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Баянхонгор аймгаас аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн БОАЖГ-ын дарга Бат-Өлзий, тус газрын мэргэжилтэн, сумдын Засаг дарга, нөхөрлөлүүдийн Баянхонгор дахь салбарын тэргүүн Г.Батнасан, нөхөрлөлүүдийн гишүүдээс бүрдсэн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа байгаль экологийг хамгаалах журамт үүргээ биелүүлэх үйлст манлайлан оролцож буй нөхөрлөлүүд, түүнийг дэмжин ажиллаж буй аймаг, сумдын удирдлагууд та бүхэндээ баяр хүргэе. Байгаль хамгаалах ажил бол эр цэргийн албаа хааж байгаатай дүйцэхүйц нэр хүндтэй ажил гэж би хувьдаа ойлгодог. Монгол Улсын Засгийн газраас байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний үүрэг оролцоо өндөр юм. Бид байгаль орчноо хамгаалаагүйгээс болж сүйрсэн улс орны алдааг давтах ёсгүй. Бид хойч үедээ бүрэн бүтэн эх орныг өвлүүлж үлдээх ёстой. Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж өвөөгүй, ирээдүй хойчоосоо зээлдэж авсан гэдэг мэргэн үгийг санах ёстой. Дэлхий нийт нийгэм, эдийн засгаа байгаль, экологийнхоо нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх болсон. Энэ утгаараа Монгол Улсыг маш сайн хөгжих ёстой гэж гадныхан хардаг, хэлдэг. Гэвч бид өнөөдөр байгаль орчиндоо хэтэрхий халтай хандаж, ашиглалтынхаа явцад алдаа гаргаж байна.Тиймээс байгальд хамгийн бага хохирол учруулах, учруулсан тохиолдолд түүнийгээ нөхөн сэргээдэг ногоон эдийн засгийг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.  Байгаль орчноо сүйтгэж олсон мөнгө бол бохир мөнгө. Бид байгаль орчны сайн засаглалыг бодитой хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энд байгаль орчны нөхөрлөлүүдийн хяналт, эрчимтэй үйл ажиллагаа чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэгвэл байгаль орчны бодлогыг барьж буй салбарын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Өнөөдрийн арга хэмжээ бол Олон Улсын ач холбогдолтой, даян дэлхийн асуудал юм. 2015 онд НҮБ-ын хуралдаанаар тогтвортой хөгжлийн зорилт-2030-ыг баталсан. Энд нутгийн иргэдэд байгаль орчноо хамгаалах боломжийг бүрүүлэх замаар экологийн асуудлыг тогтвортойгоор хадгалж хамгаалах зорилтыг дэвшүүлсэн байдаг. Монгол Улсын ЗГ-ын хувьд нутгийн иргэдийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл бол та бүхэн гэдэг нь харагдаж байгаа биз ээ. Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах, тэднийг дэмжих ажил анх 1999 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр эх орны өнцөг булан бүрт иргэдийн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд нийт 1,629 нөхөрлөл, 1,200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа  ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд байгаль хамгаалах 81 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг бол БХННХ ТББ-ын Баянхонгор аймаг дахь салбарт 42 нөхөрлөл харъяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага, нөхөрлөлүүдэд Монгол Улсын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье. Энэ удаагийн чуулганаар нөхөрлөлийг чадавхжуулах чиглэлээр идэвхтэй яриа өрнөж, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

 

 

Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБХХ-ын суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман байгалийн нөөц эзэмшлийн болон нөхөрлөлүүдийн эрх зүйн орчныг таатай болгоход анхаарч ажиллах хэрэгцээ байна. Байгаль хамгаалах ажилд хөрөнгө санхүүгийн бэрхшээл бий. Гэвч үүнийг шийдэж байж байгаль орчноо хамгаалах нөхөрлөлүүд хөгжиж, өөрсдийн үүргээ биелүүлэх бололцоо бүрдэх юм. Байгаль орчны салбарт донор байгууллага, орнуудаас санхүүжилт авах бололцоо байхын зэрэгцээ Монгол Улс дотоодын нөөц бололцоог дайчилж энэ чиглэлд хөрөнгө оруулах, хувийн хэвшлийг татан оролцуулах ёстойг хэлсэн үгэндээ онцолж байсан юм.

 

Мөн тэрээр цааш нь хэлэхдээ “ОУ-ын байгууллагууд нөхөрлөлүүдтэй хэрхэн хамтран ажиллах, хамтын ажиллагааны гарцыг яаж бий болгох нь чухлаар тавигдаж байна. Энэ хүрээнд газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар байгаль орчныг хамгаалахад өртөг багатай сайн арга хэмжээ болох юм. 2016 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 70-аас илүү хувь нь цөлжилтөд өртсөн байна. Тиймээс нөхөрлөлүүд өөрсдийн хамгаалалтын бүсэд тухайн газар нутгийг хамруулж, хамгаалснаар энэ асуудлаас гарах нэг боломж байж болох юм. Ингэхдээ нэг талаас хамгаалах, нөгөө талаас тухайн газар нутгаас үр шимийг нь хүртэх харилцан ашигтай, тэнцвэрт заагийг нарийн тогтоож өгөх ёстой юм. Ингэж чадвал газрыг нөхөрлөлүүдэд газрыг хамгаалалт, ашиглалтай өгөх бололцоотой. Үүнд эрх зүйн орныг сайруулах зайлшгүй шаардлага байна.

 

Нөхөрлөлүүдийхн үйл ажиллагааг тогтворжуулахад орон нутгийн хөгжлийхн сангийн хөрөнгөөс тодорхой санхүүжилт гаргах нь эргээд тухайн орон нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад чухал нөлөөтэй” гэдгийг нөхөрлөлүүдэд зөвлөсөн юм.

 

Монгол Улсын цаг уурын дулааралт бусад улс орнуудтай харьцуулахад хоёр дахин хурдан байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа тэр чинээгээр сайн байх шаардлага байна. 

 

Тэгвэл Баянхонгор аймгийн хувьд цаг уурын эмзэг эко системтэй, нийт газар нутгийн 7 гаруйхан хувийг ойн зурвас ээзлдэг, говь, тал хээрийн бүс зонхилдог зэрэг нь байгалиа хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхаарах ёстойг харуулж байгаа юм. Энэ чиглэлэд Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний холбооны Баянхонгор аймаг дахь салбар аймгийн Засаг дарга, шийдвэр гаргагчдад хандаж Мянга мянган байгаль хамгаалагч төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулсан байна. Үүнийг аймгийн Засаг дарга уриалгахан хүлээн авч, Олон Улсын хандивлагч байгууллага, донор улс орнуудтай холбогч гүүр нь болж ажиллахаа илэрхийлжээ.

 

Чуулганд оролцогчид байгаль хамгаалах үйлсэд иргэд өөрсдөө оролцох нь нэн чухал гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Тийм  учраас энэ удаагийн чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Цаашид нөхөрлөлүүдийн өмнө тулгамдаад буй үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж буй олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Засагийн газраас анхаарч ажиллахаар боллоо. Тухайлбал, нөхөрлөлүүдийн өмнө тулгамдсан асуудлыг эрэмбэлж харвал санхүүгийн хүндрэл хамгийн их байгаа аж. Мөн нөхөрлөлүүдийг албан ёсны гэрчилгээтэй хуулийн этгээд болгох асуудал ч чухлаар тавигдсан. Тиймээс энд хаа хаанаа анхаарч ажиллаж чадвал Монгол Улс байгаль, экологийнхоо тэнцвэрт байдлыг хадгалах, түүнийг хамгаалах үйлсийг хэрэгжүүлж чадна гэж талууд дүгнэлээ. Нөгөө талаар нөхөрлөлүүд байгалийн сэргээгдэх баялагийг зүй зохистой ашиглах байдлаар орлого бүрдүүлэх асуудлыг ч энд дурдсан юм. Ингэхдээ Экологид ээлтэй бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааны хүрээнд хийгдсэн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг нээхэд анхаарах шаардлага ч байгааг энд дурдлаа.  

 

 

2017-04-24 07:44:51