• 12 сарын 23, Даваа гараг
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД 6-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДАД 80 ШИРХЭГ ТОГЛООМ БЭЛЭГЛЭЛЭЭ
311 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ аяныг өнгөрсөн хугацаанд өрнүүлж иргэдрүүгээ чиглэсэн тэдний аж амьдралд тустай хэд хэдэн төрлийн ажлуудыг хийгээд байна. Санхүү төрийн сангийн хэлтсээс эхлүүлсэн тус аяныхаа хүрээнд 1 хүн 1 тоглоом уриатай хандивын тоглоом цуглуулах арга хэмжээг эхлүүлсэн ба БАЯНХОНГОР ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АЙМАГ болох зорилтынхоо хүрээнд төрийн байгууллагууд ч энэ үйл ажиллагаанд нилээдгүй нэгджээ. Үүнд Төрийн аудит, Санхүүгийн хяналт аудитын алба, статистикийн хэлтэс болон ЗДТГ-ын бусад хэлтэс дэмжиж оролцсон ба нийт цугласан тоглоомыг ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, СТСХ-ийн дарга С.Байгалмаа болон бусад хэлтсүүдийн төлөөлөл Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөл буюу шинээр баригдан ашиглалтанд орсон 2 бүлгийн хүүхэд багачуудад өнөөдөр гардууллаа.
Баянхонгор сумын 6-р цэцэрлэг нь гэр хорооллын дунд байрлалтай ба 2008 оноос хүлээж авах хүүхдийн тоо эрс өсч улмаар цэцэрлэгийн өртгөтгөл бариулах шаардлагатай болсон байна. Ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ өргөтгөл 108 хүүхэдтэй ба хүүхдийн тоглоом дутагдалтай байсан байна. Төрийн байгууллагууд тус цэцэрлэгт тоглоомоо бэлэглэх үеэр "Их Номгон" худалдааны төв 42 хүүхэдтэй нэг ангийн хүүхэд багачуудад бусад хэрэглэгдэхүүний зүйлсийг хандивлалаа.
Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдүүдийнхээ хөгжих төлөвших явцад нь өөрсдийн бололцоогоор дэмжлэг үзүүлсэнд тус цэцэрлэгийн хамт олон баяртай байна.
Энэ мэт нийгмийн сайн сайханруу хандсан иргэд болон хүүхдийн хөгжил оролцоог эрхэмлэсэн олон арга хэмжээг Баянхонгор аймгийн төрийн байгууллагууд буухиалан үргэлжлүүлж байна. Хонгор нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын маань сурч хөгжиж хүмүүжих орчин тавтай тохьтой болсоор байна.

 

2017-04-26 10:15:49