• 12 сарын 23, Даваа гараг
МАЛ МАЛЛАХ СОНИРХОЛ БҮХИЙ 100 ӨРХИЙГ 100 МАЛААР МАЛЖУУЛНА
333 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт малчдын залуу халааг бэлтгэх “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж малжуулах төслөөр дэмжихээр тусгагдсан.  Энэ хөтөлбөрийн хүрээнд Засаг дарга Г.Батжаргал мал маллах сонирхол бүхий иргэдийг хүлээж авч уулзлаа.

Энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой шаардлагын дагуу 40 өрхийг малжуулах бол Баянхонгор аймаг мал маллах сонирхол бүхий 60 өрхийг малжуулах, мал маллах арга ухаанд сургахаар шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайн өрхүүдэд аймгийн зүгээс 25, сумаас 15, багаас 10 малыг төл малтай нь дагалдуулж олгох бөгөөд мал маллах арга ухаан сайтай  малчин айлыг дагалдуулж суралцуулан амь амжиргааг нь дэмжихээр болжээ.

Тус  төсөл хөтөлбөрт хамрагдсан өрхүүд 2 жилийн дараагаар эргэн төлөлтөө хийх бол малаа сайтар адгуулан өсгөж, сум нутаг орныхоны дунд үнэлэгдэж чадсан, гэр бүлээрээ хөдөө суурьшиж, хүүхдүүдээ очсон сумынхаа сургууль цэцэрлэгт байнгын хамруулсан иргэдээс эргэн төлөлтийг огт авахгүй байхаар хүртэл дэмжлэгийг Баянхонгор аймаг залуу малчдад олгож байна.

Залуу малчдын халааг бэлтгэх зорилго бүхий тус хөтөлбөр арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар  ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтэс, ХХААГ, ХХҮГ-аас  хамтарсан ажлын хэсэг байгуулагдан нарийвчлан судалгаа гаргаж ажиллахаар боллоо.  Тун удахгүй тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

2017-04-26 11:23:24