• 12 сарын 23, Даваа гараг
Энэ жил Баянхонгорчууд 1100 орчим га-д тариалалт хийнэ
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ХХААГ өнөөдөр/2017,04,27/ аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд 20 сумын 60 гаруй төлөөлөл ирж оролцов. Тэд хаврын тариалалтын ажил эд эхэлж буй энэ цаг үед уг зөвлөгөөнийг зохион байгуулснаар энэ хаврын тариалалтад юуг анхаарах, төрөөс тариаланчдыг ямар байдлаар дэмжиж, хамтарч ажиллах талаарх нэгдсэн ойлголтод хүрнэ гэж үзжээ.

 

Тодруулбал, ХХААХҮЯ-наас хөнгөн үйлдвэр, газар тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг хийсэн. Тэгвэл аймгийн ХХААГ эл зөвлөгөөний араас тариаланчдадаа төрөөс эл салбарт баримталж буй бодлого хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, газар тариалангийн салбарт ажилллаж буй иргэдийн талаар баримтлах бодлого, тэр дундаа Баянхонгор айгийн Нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ямар ажил туссаныг таниулах, тулгамдаж буй бэрхшээл нэг бүрийг ярилцахад энэ удаагийн зөвлөгөөн чиглэгдэж байна.

 

Энэ оны хаврын тариалалтын хүрээнд Баянхонгор аймагт 12,5 га-д үр тариа, 272 га-д төмс, 177 га-д хүнсний ногоо, 600 га-д тэжээлийн ургамал, нийтдээ 1100 орчим га-д тариалалт хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ тоо нь хэсэгчилсэн байдлаар 0,5-10 хувийн өсөлттэй дүн юм.

 

Төрөөс газар тариалан эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг дэвшүүлсэн нь Атрын гуравдугаар аян юм. Уг аяны хүрээнд үр тариа тариалалтаар хүн амын хэрэгцээг 100 хувь хангах,  хүнсний ногооны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, жимс жимсгэнийн хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу тариаланчийг дэмжих зорилтыг хөрсөнд буулгах юм. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт эдгээр ажлууд тусгалаа олж, Монгол Улсын засгийн газрын бодлого шийдвэртэй нягт уялдаатай явж байна. Тухайлбал, Баянхонгор аймаг төмсний үрийн нөөцөө бүрэн татжээ. Уг үрийн төмсийг зөвлөгөөний дараа тариаланчдад олгож, энэ намрын ургац хураалтаар Баянхонгор аймаг өөрийн төмсний хэрэгцээгээ бүрэн хангах юм. Мөн хүнсэнд хэрэглэж буй ногооны нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч энэ жил хүрэн манжин, сонгинын тариалалтын хувь хэмжээг өсгөхөөр болжээ. Сонгино тариалалтад нэг га талбайг бэлтгэж, энэ жил туршилтаар тариалах аж. Нөгөө талаар Баянхонгор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон Илгээлтийн эзэн хөтөлбөрийн хүрээнд залуу тариаланчдыг бэлтгэх, тэднийг бойжуулах ажил Атрын гуравдугаар аянтай зэрэгцэн хэрэгжихээр болж байна.

 

Уг асуудлаар ахмад тариаланч, Бууцагаан сумын иргэн Хэнчбиш хэлэхдээ, “Залуучууд хөдөлмөрийн хүндээс халшрах, ажил хийх сонирхолгүй байгаагаас үүдэн өөрийн бий болгосон тариалангаа өвлүүлэх, үр хойчдоо үргэлжлүүлэн үр шимийг нь хүртээх боломж тааруу байна” гэдгийг онцолж байсан юм . Тиймээс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан Илгээлтийн эзэн хөтөлбөрт итгэл найдвар тавьж, тариаланчдын залуу халааг бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

 

Цаашид Баянхонгор аймагт газар тариаланг хөгжүүлэх, тариалангийн талбайн хувь хэмжээг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, нэг га-гаас авч буй ургацыг эдийн засгийн эргэлтэд хямд үнээр оруулахад техникийн шинэчлэлийн ажил зайлшгүй шаардлагатайг зөвлөгөөнд оролцсон тариаланчид хэлж байна. Тэгвэл Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр газар тариалангийн машин, тоног төхөөрөмж манай улсад орж ирэхээр болжээ. Энд Баянхонгор аймаг өөрт шаардлагатай техникийн захиалгыг өгөөд байна.

 

Мөн тариаланчдын дунд жилийн жилд хүндрэл дагуулсаар ирсэн нэг асуудал нь зоорь байдаг. Намрын ургацаа их хэмжээгээр агуулах зоорь байдаггүйгээс бөөнөөр борлуулахаас өөр аргагүй болдог байна. Үүнээс болж хавар зуны цагт орон нутагт тариалсан хүнсний ногооны хомсдол үүсдгийг ч тэд ярьж байв.

 

Өмнө аймгийн хүсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзах үеэр энэ асуудлыг хөндөж байсан юм. Ингэхдээ аймгийн хэмжээнд багтаамж сайтай томоохон хэмжээний зоорийг барьж байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Мөн зөвлөгөөний үеэр Баянхонгор аймгийн ХХААГ-аас тариаланчдад үзүүлэх сургуулийг явуулж, албан байгууллага, айл өрх бүр тариаланч болох бололцоотой гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод хэллээ. Тус газар өөрийн эзэмшлийн 0,6 га-д төмс тариалахаар болж байна. Ингэснээр ирэх намар тус талбайгаас 20 орчим тонн төмс хураан авч ажилчдынхаа хүнсний хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөжээ. Цаашид аймгийн ХХААГ нь бодлого ярихын зэрэгцээ бодитоор бүтээн байгуулж, нүдээр үзүүлэн үлгэрлэн манлайлж ажиллахыг чухалчихлах юм байна. Тус газар өөрийн эзэмшлийн талбай дээр төмс, хүнсний ногооны талбайд болон хүлэмжид хэрхэн тариалалт хийхийг сурахаар ирсэн хүмүүст газар дээр нь үзүүлж, заах ажлыг үүгээр эхэлж байгаа аж. Дашрамд дуулгахад тус газар Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-тай хамтран ногоочдын гудамж төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тариаланчдын залуу халааг бэлтгэх, бэлхэн байгаа орон нутгийн зах зээлээ бүрэн хангах их ажлын үндэс тавигдана гэж үзжээ. 

2017-04-27 08:02:16