• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
261 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн төвд байрлаж үйл ажиллагаа явуулдаг хаяг хэвлэл, ноос ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, барилгын материал, мод модон эдлэл, эсгий, бордоо үйлдвэрлэх,  жимс мод тариалах ААНэгж хувь хүмүүсийн үйл ажиллагаатай Засаг дарга Г.Батжаргал газар дээр нь судлаж танилцлаа.

Дурсамж, Сувд, Билгүүн, Соёл зэрэг байгууллагын  үйл ажиллагаа нь тогтмол явагддаг хэвлэл, хаяг үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна.  Мөн мод модон эдлэлийн Далай ээж, Өлзий арвижих зэрэг үйлдвэрүүдийн хийсэн тавилга захиалга болон нийлүүлэлт ихтэй. Баруун аймгуудаас тавилга үйлдвэрлэлээрээ Баянхонгор аймаг тэргүүлдэг зэрэг сайн жишээнүүд байна. Үндэсний дээл хувцас, ажлын хувцас, гутал үйлдвэрлэх “Хайрхан цохио” зэрэг хэд хэдэн газруудын үйл ажиллагаа жигд хэмжээнд явагдаж байна. Нэхий боловсруулах, элдэх  тоног төхөөрөмжөөр  хангагдсан хэд хэдэн газрууд манай аймагт байгаа ч үйл ажиллагаа нь тогтмол биш байх юм. Үйлдвэрлэл явуулж байгаа ААНэгж хувь хүмүүсийн хувьд  сайн түвшинд  бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь ч байна. Үйл ажиллагаа нь дутагдалтай доголдолтой сайжруулах шаардлагатай хэд хэдэн газрууд ч байлаа.

Хөнгөн үйлдвэрлэгчдийн хувьд технологио илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байдаг ч тоног төхөөрөмж техникийн хүчин чадал нь тэр бүр хүрэлцдэггүй. Тиймээс жижиг үйлдвэрлэгчидэд тоног төхөөрөмж, өөрсдийн ажлын байртай болох асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа бол  Томоохон үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлээ тэлэх сонирхолтой ба илүү өргөн хэмжээнд илүү далайцтайгаар ажиллах нөхцөлийг эрэлхийлж байна гэдгээ аймгийн Засаг даргатай уулзах үеээрээ ярьж байлаа.  Эрдэнэт хивсийн  төлөөлөгчийн газар Баянхонгор аймагт энэ зун ноос ноолуур самнах үйлдвэр ашиглалтанд оруулахаар зэхэж байгаа юм байна.

Хөнгөн үйлдвэрлэгдчийнхээ нөхцөл байдалтай танилцаж явах үеээрээ Засаг дарга Г.Батжаргал: Орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Аливаа төсөл хөтөлбөрийн хөнгөлөлтэтэй хүү  багатай хэрнээ өндөр үр дүнд хүрэх аливаа зээлд хамруулах бодлогыг баримталж бололцоотой бүхий л талаар дэмжинэ. Удахгүй ашиглалтад оруулах АЖИЛСАГ төвдөө ажлын байрны асуудалтай дутагдалтай байгаа үйлдвэрлэгчдээ оруулж үйл ажиллагааны тасалдалд оруулалгүйгээр хэвийн ажиллах нөхцөлөөр хангана.  Мэдээж өөрийн үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг хамгаалах ба та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүр чанартай хаана ч гологддоггүй байх ёстой. Хамгийн гол нь манай үйлдвэрлэгчид нэгнийгээ дэмжиж хамтарч ажилламаар байна. Нэгнийхээ болосвруулсаныг нь нөгөө нь авч үйлдвэрлэлдээ ашигладаг гэх мэт тогтолцоогоор дэм дэмэндээ  явчих юм бол бидэнд болоод танд олон боломж нээгдэнэ гэж харж байна гэлээ.

 

 

2017-04-28 04:06:16