• 12 сарын 23, Даваа гараг
Сурагч бүрийг сурах бичигтэй болгоно
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сурагч бүр сурах бичигтэйгээ хөтөлбөрийг хэлэлцлээ. Уг хөтөлбөр нь Баянхонгор аймгийн ЕБС-уудыг сурах бичгээр бүрэн хангахад чиглэгджээ.

 

Өнөөдрийн байдлаар шинэ тутам хэвлэгдэн гарч буй сурах бичгийг зорилтод бүлгийн хүүхдүүдэд олгож байна. Энэ нь Баянхонгор аймгийн хэмжээнд ахлах ангид суралцагчдын 22, дунд ангид суралцагчдын 45, бага ангид суралцагчдын 70 хувийг хамарсан үзүүлэлт. Үлдсэн сурагчид түрээсийн сурах бичиг авах, эсвэл эцэг эхчүүд худалдаж авч өгөх зарчмаар явж байгаа аж.

 

Уг хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан аймгийн Засаг дараг Номундалай цогцолбор сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, хангамжийн байдалтай газар дээр нь танилцлаа.

 

Тус сургууль 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн түрээсийн сурах бичгийг сурагчдад олгох гэрээ байгуулжээ. Дөрвөн жил хэрэгжээд буй энэ гэрээ энэ жилээс дуусч байгаа юм. Цөм хөтөлбөр хэрэгжиж буй тус үндэсний лобартори сургуульд түрээсийн сурах бичгийг ашиглах нь учир дутагдалтай болоод байна. Тухайлбал, Номундалай цогцолборын наймдугаар ангийн сурагчдад түрээсээр 19 ном олгосон ч тэдний дөрвийг сургалтад бүрэн ашиглаж байна. Харин үлдсэн 15 ном агуулга хоцрогдсон, цөм хөтөлбөртэй зохицохгүй байгаа доголдол бий болжээ.

 

Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сурагч нэг бүрийг хэрэгцээ шаардлага хангасан сурах бичгээр хангах нь чухал болоод байна. Нэгэнт бий болсон ном, сурах бичгийн хангалтгүй байдлыг шийдвэрлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөх, сургуулийн багш нар нэгдсэн байдлаар ангийнхаа хүүхдүүдэд авч өгч иржээ. Нэг дор арваас дээш ном худалдаж авахад дамлан худалдаалах нь  гэсэн хардалтад өртөх, улмаар сурах бичиг худалдан авч чадахгүйд хүртэл хүрч байжээ. Тиймээс сургуулийн захиргааны бичиг авч хүүхдийнхээ номыг авах хэмжээнд хүрсэн байна.

 

Энэ мэт бэрхшээл байгаа учраас ирэх хичээлийн жилээс эхлэн аймаг нэгдсэн бодлогоор сурах бичгийг орон нутагт шаардлагатай тоо хэмжээгээр авчирах ажлыг зохион байгуулахыг сургуулийн удирдлагууд аймгийн Засаг даргаас хүслээ.

 

Сурагч бүр сурах бичигтэйгээ хөтөлбөр энэ чиглэлийг зорилгоо болгоод байна. Тиймээс 2017-2018 оны хичээлийн жилд сурагч бүрийг сурах бичигтэй болгох ажил хийгдэж эхлэх нь ээ. 

2017-05-15 09:09:22