• 12 сарын 23, Даваа гараг
Оюутан залуус аймгийнхаа удирдлагуудтай уулзлаа
157 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд оюутан залуусын уулзалтыг Баянхонгор аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Оюутнуудтай Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Б.Гантулга, Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн нарийн бичгийн дарга П.Анхжаргал НАМОХ-ны гинсек Б.Билгүүн, Баянхонгор аймгийн оюутан залуучуудын холбооны бодлогын зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан нарын албаны төлөөлөл уулзлаа. Энд Улаанбаатар хотод суралцаж буй 1-4 дүгээр курсын 200 гаруй оюутан оролцов.

 

Өмнө нь энэ мэт уулзалтыг зохион байгуулдаг байжээ. Харамсалтай нь орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд нь ирдэггүй байсныг оюутан залуус хэлж байна. Тиймээс тэд энэ удаагийн уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүддээ талархсанаа илэрхийлж, алга ташилтаар угтаж байлаа.

 

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Нийслэлээс алслагдсан Баянхонгор аймгийн хувьд оюутнууд Улаанбаатарт амьдрах байргүй байдаг нь сурах үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Тиймээс бид Баянхонгорын оюутан залуусын дотуур байртай болохоор зорьж байна” гэдгийг дуулгав. Мөн тэрээр цааш нь дээд боловсрол эзэмшсэн залуусын 40 хувь нь ажлын байртай, үлдсэн 60 хувь нь ажилгүй байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээл дээр байгаа эрэлттэй мэргэжлээр суралцаагүй, мөн сурч буй мэргэжлээ хангалттай эзэмшээгүй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тиймээс нэгэнт дээд боловсролтой болохоор зорьсон бол сурсан шиг сурах ёстойг сануулж хэллээ.

Баянхонгор аймгийн төр, захиргааны байгууллагад жилдээ 30 орчим ажлын байр дундажаар бий болж байдаг. Гэтэл төгсөгчдийн тоо харьцангуй их. Өөрөөр хэлбэл орон нутаг өнөөдрийг хүртэл төгсөөд ирсэн боловсон хүчнээ шингээх хөдөлмөрийн зах зээлгүй явж ирсэн юм.

Тиймээс ирэх дөрвөн жилд ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах талаар айммгийн Засаг дарга мэдээлэл өглөө. Тухайлбал, ирэх дөрвөн жилийн дотор дулааны цахилгаан станцтай болох юм. Энд 200 орчим ажлын байр бий болно. Мах боловсруулах үйлдвэр баригдана. Энд мөн 100 орчим ажлын байр бий болно. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, ойрын хугацаанд 4 жуулчны бааз байгуулна. Энд хөтөч, тайлбарлагч хийхээс эхлээд чамгүй ажлын байрны нөөц бий. Гэвч энэ мэт тодорхой  ажлын байрууд хязгаартай. Тэгэхээр аймаг шинэ санал санаачилга гаргаж, шинэ үйлдвэрлэл эрхлэхээр зорьж буй залуусыг хөнгөлөлттэй зээлд хамруулж, шинэ зах зээлийн урсгалыг бий болгох тал дээр анхаарах юм. Хамгийн гол нь оюутнууд зөв мэргэжлээ сонгож, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын чухлыг захилаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир оюутан залууст хандаж дараах зөвөлгөөг өглөө.

Монгол Улсын төдийгүй Баянхонгор аймгийн эдийн засгийн голлох салбар нь ХАА. Тэр дундаа МАА. Гэтэл амьдрал дээр мал маллах хүнгүй болчихсон байгаа. Малчид хүүгээ мал дээр гаргаж, охиноо их, дээд сургуульд сургана гээд явуулчихдаг. Ингээд хөдөөд эхнэргүй ганц бие малчин залуусаар дүүрч, хотод ажилгүй ганц бие бүсгүйчүүд дүүрч байна. Энэ харилцааг зохицуулахын төлөө төр нийгмийн салбар хоорондын уялдааг сайжруулж, гажуудлыг засах цаг болсон гэдгийг хэлж байв.

 

Энэ үеэр өөрийн итгэл үнэмшлээрээ улс төрийн сонголтоо хийж байгаа 200 залууст МАН-ын батламж гардууллаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг баталсан. Анх удаа залуучуудын эрх хамгаалсан уг хуулийн талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Залуучуудын газрын дарга Г.Батдорж танилцуулан тэдний санаа бодлыг сонслоо.

Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.

 

Уг хуулиас залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/,цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах, хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/, залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох, сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох, залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг онцлох заалтыг дурдаж болох юм.

2017-05-22 09:41:11