• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ ХЭРЭГЖИХ СОЁЛЫН АЖИЛТАН ХӨТӨЛБӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт соёл урлагийн 23 байгууллага байдаг ба үүнд 240 гаруй албан хаагч ажиллаж байна. Өнөөдөр соёлын байгууллагад ажиллаж буй албан хаагчдын мэргэжил боловсрол, нийгмийн асуудал, боловсон хүчний хангалт  зэрэг нь зайлшгүй хөндөх, анхаарах шаардлагатай сэдэв юм. Тухайлбал соёл урлагийн салбарт ажиллаж буй албан хаагчдын мэргэжилтэй ажилтны хангамж 48,1 хувьтай байгаа нь боловсон хүчний  томоохон дутагдалтай байна гэсэн үг. Энэ мэт байдлаас үүдэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд “СОЁЛЫН АЖИЛТАН” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан ба  “СОЁЛЫН АЖИЛТАН” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа буюу  тус хөтөлбөрийг  соёл ажилтан нарт  албан ёсоор хүлээлгэж өгөх ёслолын үйл ажиллагаа Баганат талбайд боллоо.

Тус үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн БСУГ-ын албан хаагчид,  ХДТ, хүүхдийн Тэмүжин театрын уран бүтээлчид, Нийтийн номын сан, Музейн хамт олон болон төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Соёлын ажилтан хөтөлбөрийг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал :  Соёлын ажилтан гэдэг нэр хүндийг өргөж, Баянхонгор аймгийн соёл урлагийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэн, нэг шинэ шат ахиулах боломжийг  энэ хөтөлбөрөөр дамжуулан та бүхэнд олгож буйгаа хэлээд төр засгийн зүгээс бололцоотой бүх талаар дэмжих ажиллахаа илэрхийлэн СОЁЛ хэмээх нэгэн ертөнцөд багтсан соёлын ажилтнууддаа амжилт хүслээ.

Соёл урлагийн талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутгийн түвшинд системтэйгээр хэрэгжүүлэн соёлын ажилтны чадавхийг дээшлүүлсэнээр тогтсон үйлчилгээ, шинэлэг бүтээлүүдийг бий болгож, соёл урлагийн салбарын үнэ цэнийг бэхжүүлэхэд чиглэгдсэн Соёлын ажилтан хөтөлбөр нь   дотроо 4 зорилт, 20 үйл ажиллагаатайгаар 2017-2020 оны хооронд хэрэгжих юм.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газраас Баянхонгор аймаг соёл урлагийн талаар баримтлах бодлогоо нэн тодорхой болгож тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нь болсон нь сайшаалтай цаг үеэ олсон ажил боллоо гэж дүгнэв.  Манай уран бүтээлчид өөрсдийгөө хөгжүүлэх, үнэмлэмжээ өсгөх, бүтээлээ туурвих томоохон боломжийг энэ хөтөлбөрөөр дамжуулан олж авсандаа мөн соёлын ажилтнуудруугаа тодорхой хандсан анхны хөтөлбөртэй болсондоо баяртай байна.

Аливаа улс, үндэстний соёл урлагийн хөгжлийн түвшин нь тухайн үндэстний  тусгаар тогтнол соёл иргэншил, боловсрол, ёс заншил, түүх, нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа зэргийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэх чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн байдаг.  Тиймээс цахим орон зайн хэрүүлтэй, тэмцэлтэй хар мэдээллээс өөрсдийгөө ангижруулж өв соёлоороо өөрсдийгөө болон бусдыгаа чимж хөгжүүлэхийг Баянхонгор аймгийн нийт соёлын ажилтнуудаас иргэддээ хандан уриалж байна. 

2017-05-25 08:01:13