• 12 сарын 23, Даваа гараг
Хүүхдийн төлөө хамтдаа чуулган боллоо
275 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ГБХЗХГ-аас аймгийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхижуулах “Хүүхдийн төлөө хамтдаа” чуулганыг өнгөрөгч амралтын өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран Өвгөнжаргалантын  хүүхдийн зусланд амжилттай зохион байгууллаа. Чуулганд аймгийн төвийн болон хөдөөгийн 19 сумын  хүүхэд хамгааллын чиг үүрэг бүхий 250 алба хаагч хамрагдлаа.

Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баясгалангомбо, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Мэндбаяр, ГБХЗХҮГ-ын мэргэжилтэн, сургагч багш нар оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, “Хүүхдийн асуудал амьдрал дээр хүн бүрийн хамгийн чухал асуудал мэт ойлгогддог атлаа бодлогод эрэмбэлэгдэхдээ хойгуур орчихдог нь санаа зовоосон асуудал юм. Тиймээс хүүхдийн эрх, тэдний хамгааллын асуудлыг Баянхонгор аймаг онцгой анхаарч, бодлого бүрийн үндэс, эхлэл гэж харах ёстой”-г онцлон тэмдэглэлээ.

Хамтарсан багт сум, хорооны Засаг дарга, өрхийн эмч, сум, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, халамжийн, хүүхэд гэр бүл хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын төлөөлөл багтдаг байна.

Энэ удаагийн чуулганаар дээрх хамтарсан багийн гишүүдтийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ойлголтыг гүнзгийрүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг зорижээ. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн чадварыг олгожээ. Мөн цаашид хамтарсан баг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэж, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарсан багийн үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарчээ.

Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлууд гэр бүлийн орчинд, хаалттай байдлаар явагдаж ирсэн нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хүндрэл учруулсаар иржээ. Тэгвэл шинэ тутам мөргөдөх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт сайжирч, далд хэлбэртэй явагдаж ирсэн хүчирхийллүүд тодорхой хэмжээнд таслан зогсоогдох болжээ. Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийн тоо эрс нэмэгдсэн нь тухайн хуулийн хэрэгжилттэй холбоотой юм. Илрүүлэлт ийнхүү нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт буурч байгаа тухай тус газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Чуулганы хоёр дахь өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөл хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, цаашид үйл ажиллагаандаа юуг анхаарах ёстой талаар мэдээлэл өглөө. Түүний хэлж байгаагаар гэр бүлийн хүрээнд явагддаг гэмт хэргийн хүчирхийллүүд далд хэлбэрээр явагдахын зэрэгцээ, хувь хүний нэр хүнд, олон нийт дэх байр суурьтай холбоотой байдаг учраас иргэд нуун дарагдуулах, үгсэн хуйвалдах замаар хэргийг улам бүр лавшруулдаг. Тиймээс хамтарсан багийн гишүүд таамаглах, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагаагаа улам бүр уялдуулж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй аж.

 

 

 

 

2017-06-12 02:48:27