• 12 сарын 23, Даваа гараг
Улсын онцгой комиссын ажлын хэсэг Баянхонгорт ажиллалаа
244 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын онцгой комиссоос томилогдсон Гангийн эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын гишүүдээс мэдээллийг авч, цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Тэд Баянхонгор аймагт үүсээд буй гангийн нөхцөл байдал, түүнийг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай эд материалын болоод хөрөнгө санхүүгийн тооцоо судалгааг гаргаж, Засгийн газарт танилцуулах, улмаар шийдвэрлүүлэх аж.

Баянхонгор аймгийн нийт газар нутгийн 95 хувь гантай байна. Наймдугаар сард олон жилийн дундажтай ижил хэмжээний хуртундас говийн сумдын нутгаар орох урьдчилсан төлөв гарчээ. Хэрэв хур бороо зохих хэмжээнд орвол 9 сарыг эхний хагас хүртэл говийн бүст өвс ногоо ургах боломжтойг комиссын гишүүд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл 25 хувьтай байна.

Энэ жилийн гангийн нөхцлөөс үүдэн бусад аймаг, сумдаас мал бүхий иргэд орж ирэх, эсвэл тус аймгийн зарим сумдын малчид өөр сум, аймгийн нутаг дэвсгэрт отор хийх нь ихэссэн. Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа сум Бууцагаан. Тус сумын малчид 100-250 км-ийн алсад отор нүүдэлд гарчээ.

Тиймээс улсын хэмжээнд эрүүл бүс гэж тооцогддог Баянхонгор аймгийн тухайд хяналт шалгалтыг өндөржүүлж, эрүүл бүсийн статусаа хадгалж үлдэхийн чухлыг энэ удаагийн хурлаар онцоллоо. Халдварт өвчин, тахлын хяналтыг сайжруулж, постуудаа тогтмол гаргах хэрэгтэйг энэ үеэр онцлов. Энд аймгийн Онцгой байдлын алба, Цагдаагийн газар хамтарч шуурхай ажиллахыг Улсын комиссын гишүүд хэллээ.

Баруун аймгуудын чиглэлд хяналтын пост байхгүй, байгаа нь ажиллахгүй зэрэг дутагдал байна. Тухайлбал, Нарийн тээл дээрх хяналтын пост байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа тул Баянхонгор аймагт шилжүүлж хяналт, шалгалтыг сайжруулах боломжтой талаар ч энэ үеэр ярилцлаа.  

Нөгөө талаар мал дагаж отор нүүдэл хийж яваа иргэдийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигддаг. Аймгийн Эрүүл мэндийн газраас жирэмсэн эх, 0-5 насны хүүхдүүдийг эмчийн хяналтад байлгаж, эрсдлээс сэргийлж, холбогдох арга хэмжээг авчээ. Гэсэн хэдий ч Баянхонгор аймгийн бүх сумдын эмнэлгүүд эмийн 2-3 сая төгрөгийн, шатахууны 800-гаас нэг сая төгрөгийн өртэй байгаа нь гамшгийн эм, эмнэлгийн нөөцийн хэмжээг тогтоох, сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Энэ жилийн тухайд Баянхонгор аймагт 187 тонн өвс, таван тонн тэжээлийн нөөц байна. Хавар орсон их хэмжээний цасны үед малчдад тэжээлийн нөөцөөс багагүйг тараажээ. Улсын нөөцийн 50 хувийг өнгөрсөн өвөл гаргасан учраас аймгууд улсаас өвс тэжээл хангалттай авна гэж харах боломжгүй болжээ.

Аймгийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдад тавьсан хүсэлтийн дагуу тус бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй өвс хадаж, хураах зориулалт бүхий механикжсан салаа хоёрыг авахаар болоод байна. Үүнийг авснаар хангайн болон говийн чиглэлд хадлан бэлтгэх хоёр бригад гарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Нөгөө талаар мал төрийн хамгаалалтад байх хуулийн заалттай боловч, малчин хүний амьдралын баталгаа, ашиг орлогын эх үүсвэр. Тиймээс иргэд дан ганц төрийн гар харах биш малчин хүн өөрийнхөө бизнесийг хамгаалж, эрсдлээ бууруулахад анхаарч байх ёстойг Улсын онцгой комиссоос санууллаа.

Баянхонгор-Эрчим хүч ХХК өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай байгааг хэллээ. Өвлийн ачаалал эхлэхээс өмнө завсар үйлчилгээний ажил хийж дуусахаар байна. Энэ жил арав гаруй сум дулааны төвлөрсөн системд холбогдож байна. Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил товлосон хугацаандаа хийгдэж дуусна.

Сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлууд төлөвлөсний дагуу хийгдэж, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө дуусна гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байна. Мөн тэрээр өвөл цас зудын эрсдлээс сэргийлэх үүднээс Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хүнд машин техникүүдийг сумын төвд парклуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Хэрэв цас зуд болбол эдгээр техникийг ашиглаж давааны цас арилгах, зам гаргах зэрэг ажлыг цаг алдалгүй хийх боломжтой болох юм. Техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн сум хариуцах аж.

 

2017-08-17 07:42:33