• 12 сарын 23, Даваа гараг
ЭНЭ ОНД ГУРВАНБУЛАГ СУМ СОЁЛ СПОРТЫН ТӨВТЭЙ БОЛНО
189 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улсын хэмжээний сум суурин газрын төрийн байгууллагуудын өнгө үзэмж муудаж чанар нь доройтож эрүүл орчин, аюулгүй байдлаа алдсан байдал нийтлэг харагдаж л байдаг. Зарим нь бүр ч дор. Зориулалтын өөрийн байргүй, хаяа нийлхээрээ хамар багтхаараа гэгчээр нэг байгууллагынхаа өрөө буланд үйл ажиллагаагаа чадан явуулдаг дүр зураг энд тэнд мэр сэр таарсаар л байх жишээтэй.Муу ч гэсэн соёлын төвтэй тэндээ соёл олон нийтийн арга хэмжээгээ зохион байгуулаад байдаг сумд байхад соёлы төв ч үгүй сум манай аймагт байдаг. Энэ бол Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Хэт хүйтрэлт цэвдэг хөрснөөсөө шалтгаалаад энэ сум барилга байгууламжууд ховортойдуу. Хүүхэд залуусыгаа хөгжүүлэх, иргэдийнхээ соёл нийгэмд хандсан ажлуудыг зохион байгуулах зүй ёсны шаардлагын үүднээс соёлын төвтэй болох хүсэлтээн тус сум орон нутгийн удирдлагууд харьяа газар яамдад удаа дараа тавьсан ч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байсан юм.

 

Тус Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг Жи энд Юү гоулд ХХК-наас  аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд сумын ард иргэд, хүүхэд залуусын эрх ашгийг хүндэтгэж орчин үеийн хоёр давхар бүхий спорт соёлын иж бүрэн төвийг барьж өгөхөөр 6-р сараас эхлэн барилгын  ажлаа эхлүүлжээ.

Соёл спортын төвийг барихдаа хүйтний цэвдэгтэй бүс нутагт тохирсон хамгийн бөх суурьтай, хамгийн бага дулаан алдагдалтай сонгодог арга хэрэглэж барьж байгаа гэдгээ тус компанийхан ярьж байна. Цэвдэгтэй газар суурь хийхийн тулд 3.5 метрийн гүнд суурь хийсэн ба цэвдэгтэй хөрсийг цэвдэггүй хөрсөөр сольж дүүргэжээ. Дулааныг  доошоо алдуулахгүйн тулд  15 см хөөсөөр газраас тусгаарлаж бүрэн цутгамал шал дэвссэн байна.  Одоо дээшээ ёвро стандартын макын блокоор дүүргэлтээ хийж байгаа аж.

Одоо барилгын ажил 40 хувьтай явагдаж байгаа ба нийт 700 сая төгрөгний төсөвт өртөгтөйгөөр бариж энэ онд ашиглалтад өгөх төлөвлөгөөтөй тус компанийн залуучууд ажиллаж байгаа юм байна.

Сонирхуулахад Жи Энд Юү Гоулд ХХК нь өмнөх онд сумын захиргааны барилгыг мөн өөрийн хөрөнгөөр барьж тус сум орон нутагт хүлээлгэж өгчээ. Энэ захиргааны барилгын дэргэд соёл спортын төв баригдаж байгаа ба сум орон нутгийн иргэдийн хөгжил оролцоог дэмжсэн сайн хөрөнгө оруулалт болж байна. 

2017-08-22 09:19:16