• 12 сарын 23, Даваа гараг
ДЭЛХИЙН ЗӨН БАЯНХОНГОР-1 ОНХХ 12 ЖИЛИЙН ХУГАЦААНД 15 ТЭРБУМ 890 САЯ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ ХИЙЖЭЭ
242 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хонгор нутгийн хөгжил цэцэглэлт, хүүхэд бүрийн сайн сайхан, бүрэн дүүрэн амьдралын төлөө зүрх сэтгэл, оюун бодлоо дайчлан ажилласан Дэлхийн Зөн Баянхонгор-1 ОНХХөтөрлбөр нь 12 жилийн турш Баянхонгор аймагт амжилттай хэрэгжсэн билээ. Тус хөтөлбөр хүүхэд ивээн тэттгэх боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг гэсэн үндсэн 4-н чиглэлээр мөн тухайн үеийн хэрэгцээ шаардлагын үүднээс тусгай төслүүд болох  өрхийн амьжиргааг дээшлүүлэх, сургуулийн хөрс орчныг сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, ногоожуулах, малжуулах зэрэг олон тооны хөтөлбөрүүдийг тусгайлан хэрэгжүүлсэн байдаг ба тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2017 оны 09-р сарын 6-нд аймгийн ХДТ-т боллоо.

 

Хаалтын арга хэмжээнд Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч, ноён Филл Ливерт , хадагтай Доронна Жавиер Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн болон бусад албаны төлөөлөл болон тус төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байсан байгууллагууд, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд оролцлоо.  Хаалтын ёслолыг нээж Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч ноён Филл Ливерт хэлэхдээ төсөл хэрэгжиж эхлэх үеийг өнөөгийн баянхонгортай харьцуулахад эхийн эндэгдэл буурсан, хүүхдийн сурч хүмүүжих орчин сайжирсан, нийгмийн харилцаанд хүүхдийн оролцоо нэмэгдсэн, нилээд тооны иргэдийн амьжиргаа дээшилсэн зэрэг эерэг үзүүлэлтийг дурдаад манай баг хамт олны үлдээсэн энэ зөв хэвшлийг цаашид аймаг орон нутаг хариуцлагатайгаар үргэлжлүүлэн авч яваарай гэдгийг захилаа.

Олон талын нийгмийн суурь нөхцөл байдалд бодитоор дүн шинжилгээ хийж түүнтэйгээ уялдуулан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүхэн нь амжилттай байсныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр онцлон тэмдэглээд үлгэр жишээч сайн баг хамт олны нөр их зүтгэл, зөв оновчтой үйл ажиллагаа бүхэн нь бид бүхний ирээдүйд зөв хөрөнгө оруулалт болж байсан гэдгийг хэлж төслийн багийханд талархалаа илэрхийллээ.

Энэ үеэр Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч, ноён Филл Ливерт аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэнтэй тогтвортой байдлын гэрээ байгуулсан юм.

Баянхонгор аймагт өөрийн төслөө амжилттай хэрэгжүүлсэн Дэлхийн зөн Баянхонгор -1 ОНХХ-ийн хөтөлбөрийн шилдэг сайн ажиллагсадыг ХХААХҮЯ-ны сайдын хүндэт жуух болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын шагналаар шагнаж урамшууллаа.  

Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр 12 жилийн тэртээгээс хийж ирсэн ажлын үр дүнг салбар салбараар нь ард иргэдэд нээлттэй танилцуулж алдаа оноогоо хамтдаа хэлэлцүүллээ.

Нилээдгүй тооны иргэд шашинтай холбож энэ төсөл хөтөлбөрийг илд далд шүүмжилж гадуурхадаг байсан ч Баянхонгорчууд тэр тусмаа бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд боловсролд энэ байгууллагыхны хийсэн хөрөнгө оруулалт их юм. Энэ 12 жилийн хугацаанд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ дан Баянхонгор аймагт гэхэд л 15 тэрбум 890 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийжээ.  

Дэлхийн Зөн Монгол Баянхонгор-1 ОНХХ-ийн чадварлаг мэргэжилтнүүд тус хөтөлбөрөө хаагаад Баянхонгорчуудад хэрэгцээтэй бас нэгэн хөтөлбөрийг гар сэтгэл нийлэн тун удахгүй хэрэгжүүлэхээр болжээ.

 

2017-09-06 06:32:22