• 12 сарын 23, Даваа гараг
БАЯН-ОЙТ ЦОГЦОЛБОРЫН ӨРГӨТГӨЛ 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
199 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баян-Ойт цогцолбор нь 1948 онд Сансар нэртэйгээр байгуулагдсан Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны боловсрол олгох ууган цэцэрлэг юм. 2003 оноос сургууль цэцэрлэгийн цогцолбор болсон ба ирэх жил цэцэрлэг байгуулагдсаны 70, цогцолбор болсоны 15 жилийн ойтой тус хамт олон боловсрол, мэдлэг чадварын хувьд аймагтаа үргэлж тэргүүлдэг байх юм.

Баян-Ойт цогцолборын бага сургууль нь 14 бүлгийн 560 суралцагчидтай бол цэцэрлэг нь 7 бүлгийн 290 хүүхэдтэй. Боловсролын ерөнхий үнэлгээгээр улсын дунджаас дээгүүрт тогтмол ордог ба улс бүс аймгийн математик, сэтгэх чадвар болон бусад олон төрлийн уралдаан тэмцээнд суралцагчид нь өндөр амжилттай оролцдог байна. Нийт 55 багш ажиллагсадтай ба багш нарын үнэлгээ үзүүлэлтээрээ мөн л аймагтаа тэргүүлдэг байна. Жишээ дурдвал энэ жил явагдсан аймгийн Засаг даргын нэрэмжит 2 удаагийн шалгалтад тус хамт олон 97 хувийн үнэлгээ авчээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан, магистр, МУ-ын шилдэг захирал Л.Аюурзана захиралтай тус цогцолбор нь хичээлийн шинэ жилээ ийнхүү олон амжилттайгаар угтаж байгаагийн нэг нь  шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орж байгаа явдал юм.

Баян-ойт цогцолборын цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтэд аймгийн удирдлагууд оролцсон юм. Баянхонгор аймагт хийгдэж байгаа нийт хөрөнгө оруулалтын 60 хувь нь боловсролын салбарт зарцуулагдаж байгаа ба хүүхэд багш ажилчдын ая таатай сурч хүмүүжих, ажиллах боломжийг бий болгох тал дээр нилээд дорвитой анхаарч байгаа юмаа.

Тус цогцолборын барилга өнгөрсөн жил суурь нь тавигдаж энэ оны 4-р сараас эхлэн “Зүүн Шанд” ХХК 1 тэрбум 200 сая төгрөгний төсөвтэйгөөр барьж гүйцэтгэн сая 8-р сарын 25-нд улсын комисс ашиглалтад хүлээж авчээ. Одоо тус өргөтгөлрүү цэцэрлэгийн 2 бага, 1 ахлах, 1 бэлтгэл бүлгүүд шилжсэн ба хүүхэд багачуудаа эрүүл аюулгүй, орчин үеийн цэвэр тохитой орчинд сургаж хүмүүжүүлэх болсондоо эцэг эхчүүд баяртай байна.

Энэ үеэр боловсролын салбарын төлөөллүүд  болон Баян-Ойт цогцолбортой хамтын ажиллагаатай байдаг төрийн болон ТББ-д оролцож шинэ цэцэрлэгийн тохижилтод тодорхой хандив тусламж талархал үзүүлсэн юм. 

2017-09-06 09:18:55