• 12 сарын 23, Даваа гараг
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ-2017” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНЭЭС ХОНГОРЫН ХҮҮХДҮҮД МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
178 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2017”цогцолбор тэмцээнд Баянхонгор аймгийн “Өсвөрийн десантчид” тасаг оролцож, хоёрдугаар байрт орж мөнгөн медалийн эзэд боллоо. Уг бахдам амжилтын гэрч болж аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг нутгийн сурагчдаа дэмжихээр “Дөл-2017” тэмцээнийг зорьсон юм.

1980-аад оны үед улсын хэмжээнд зохиогдож, ЕБС-д хичээлийн хэмжээнд ордог байсан тус тэмцээн 21 жил тасраад байсан бол энэ жилээс эхлэн Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон зохион явуулах шийдвэр гарч, улсын чанартай зохион байгуулах ажлыг БХЯ, ЗХЖШ хариуцсан юм. Мөн БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулжээ. Тиймээс олон жилийн дараа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд оролцоно гэдэг хүүхэд, залуусын төдийгүй тухайн аймаг, дүүргийн хувьд нэр төрийн хэрэг. Нөгөө талаар уг тэмцээнд амжилт гаргах нь тухайн аймаг, дүүргийн Цэргийн штабын үйл ажиллагаа ямар түвшинд байгааг харуулах том үзүүлэлт юм.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 17-22-ны өдрүүдэд ирээдүйн мөрдөстнүүд нэгэн дор цуглаж, эцэг эхийн хүүгээс эх орны хүү болох их замын эхлэлээ амжилттай тавилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний төдийгүй Олон Улсын цэргийн алба хаагчдын хамтарсан сургалт, хээрийн дадлага, тэмцээн уралдаан тасралтгүй зохион байгуулагддаг Таван толгойн сургалтын төвд 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн шилдэг 300 гаруй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг, тамирчид өрсөлдөв.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олонд зургадугаар сарын сүүлээр Батлан хамгаалахын яамнаас ирсэн удирдамжийн дагуу  тус штабын дарга, хурандаа Б.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж 13 хүүхдийг сонгон шалгаруулжээ. Сурагчдын зуны амралт болсон цаг таарсан тул зарын дагуу уг тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхдүүд бүртгүүлж нэг сарын хугацаанд бэлтгэгдсэн манай тасаг очсон өдрөөсөө эхлэн тэмцээнд амжилттай байхын төлөө атгасан гар шиг нэгдэж ажилласан гэж хэлж болно. Бусад тасгийн хувьд аймаг, нийслэлээсээ шалгарч бүтэн жилийн турш бэлтгэл, сургуулилт хийсэн нь Баянхонгорын баг, тамирчдаас илүү их хичээл зүтгэл шаардсан.

Эл хариуцлага өндөр, хувь хүнээс тэвчээр хатуужил, ур чадвар шаардсан богино хугацааны шалгаруулалтын дараа Өсвөрийн десантчид тасаг сурагч  М.Дашдэмбэрэл захирагчтай П.Мягмарсүрэн , О.Даваадулам, Б.Отгонбаатар, Б.Алтанзагас, Л.Төгсбуян, Х.Жасрай, М.Үүртуяа, Д.Сангимятав, С.Дэлгэрмөрөн, Ө.Дашдэмбэрэл, Ц.Вандансанги, Ч.Мөнхжин сурагчидтай Таван толгойн цэргийн нэгдсэн сургалтын төвийг зорисон юм.

Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалахад бэлтгэх, Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйг сурталчлан таниулах ач холбогдолтой уг тэмцээнд манай баг, тамирчид тасгийнхаа онцлогийг харуулсан хувцсаар ижилсэж, аймгийн лого, багийн онцлогийг харуулсан таних тэмдэг хийлгэсэн нь бусад аймгаас онцгойрч байв.

Тэмцээний эхний өдөр баг тамирчид Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ирж байрласан бол хоёр дахь өдөр сургалтын талбайд бэлтгэлээ базаасны дараа үндэсний бөхийн үүсэл, хөгжил, уламжлал, шинэчлэлийн талаар хичээлд хамрагдлаа. Харин удаах өдөр буюу 19-нд соёл, сурталчилгааны өдөрлөгийг зохион байгуулав. Энэ үеэр ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС, Монгол цэргийн музей, аймаг нийслэлээс гаргасан танилцуулга самбар, гаргасан үзэсгэлэнг сонирхож Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав. Аймгуудын гаргасан ханын самбар дундаас Баянхонгор аймгийн бэлтгэсэн танилцуулгыг зохион байгуулагчдын зүгээс өндрөөр үнэлснийг энд онцлов.

Баянхонгор аймгийн тасгийг дэмжихээр аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь биечлэн ирж, тэмцээний турш хүүхдүүдэд амжилт хүсч байв. Энэ нь аймаг орон нутгийн зүгээс үзүүлж буй томоохон дэмжлэг болж байсныг хэлэх хэрэгтэй.

Баг, тамирчид 21, 22-нд хууль эрхзүйн сорил, тасгийн гүйцэтгэх ажиллагаа, дасгал нормативууд, марш, гүйлтийн тэмцээнээр өрсөлдөж аваргаа тодрууллаа. Цэрэг хүний хийх ёстой бүхий л норм, нормативыг цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан сурагчид амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Есдүгээр сарын 21-ний өдөр тасгийн захирагчийн тэмцээн, 16 тоот дасгал, жагсаалын үзүүлэх тоглолт, дасгалжуулагчийн хууль эрх зүйн мэдлэг сорих тэмцээн, тасгийн бэлтгэсэн ханийн сонин, урлагийн тоглолт зэргийг шалгаруулсан бол есдүгээр сарын 22-ны өдөр гол өрсөлдөөн өрнөсөн марш, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Марш, гүйлтийн хүрээнд гранат шидэлт, саадтай зурвасыг гатлах, тактикийн талбайг туулах, хөнөөлийн голомтод ажиллаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, сум, галт хэрэгслийг зөөвөрлөх, байр зүйн зурваст өгөгдсөн хоёр цэгийг луужин ашиглаж олох, химийн зурвасыг туулж, химийн нормативыг гүйцэтгэх, хорт утаатай газар орныг туулах зэрэг долоон даалгаврыг гүйцэтгэсэн. Энэ тэмцээнд Өсвөрийн десантчид баг ямар нэгэн торгуульгүйгээр замыг амжилттай туулж дуусгасан юм.

Ингээд тэмцээний нэгдсэн дүн гарахад Баянхонгор аймгийн "Өсвөрийн десантчид" тасаг тэмцээний нийлбэр оноогоор хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медалийн эзэд болж дөрвөн сая төгрөгөөр шагнууллаа. Нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн тасаг, гуравдугаарт Дорноговь аймгийн тасаг тус тус орж орлоо. Өсвөрийн десантчид тасгийн захирагч М.Дашдэмбэрэл ҮБХИС-д шалгалтгүйгээр элсэн суралцах эрхийн бичгээр, дасгалжуулагч багш Б.Дашлхагва Батлан хамгаалахын сайдын Хүндэт жуухаар тус тус шагнууллаа.

Түүх сөхөхөд 1987 онд дэд хурандаа, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын сургалтын офицер Сосорын Чулуунбаатар баг, тамирчдаа бэлтгэж тус онд болсон Дөл цогцолбор тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Тэгвэл түүний хүү, хошууч, ЗДТГ-ын Цэргийн штабын  сургалтын офицер Ч.Адьяа  аавынхаа ажил мэргэжлийг өвөлж аваад яг 20 жилийн дараа баг, тамирчдаа бэлтгэж Дөл цогцолбор тэмцээнээс ийнхүү мөнгөн медалийг хонгор нутагтаа авчирч байна.

Сэтгэл, зорилгоороо нэгдсэн эдгээр сурагчид дундаас ирээдүйн цэрэг, армийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарах биз ээ. Тэд аймаг, орон нутагтаа ирж үеийн мянга мянган залууст үлгэр дууриал болж, хонгор нутгийн сурагч, оюутан залуус эх орны энхийн манаанд зогсч, эх орноо батлан хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах нь эргэлзээгүй юм.

 

 

 

 

 

2017-09-26 05:15:07