• 12 сарын 23, Даваа гараг
2018 оны Үндсэн чиглэлд тусгах ажил, арга хэмжээний саналыг сумдаас авч байна
127 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга нарыг нэг бүрчлэн хүлээн авч уулзаж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уулзалтаар нийт сумд, төлөөлөгчдийн 50 хувьтай санал солилцож, шийдэлд хүрээд байна.

Тэд энэ уулзалтаар ИТХ-ын төлөөлөгчдийн 2017 оны ажлын тайланг авч хэлэлцэхээс гадна 2018 оны төсөв, Үндсэн чиглэлийг хэлэлцэн батлахаас өмнө тухайн сум орон нутагт ямар ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэх талаарх саналыг авч, шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулах юм. Эндээс гарсан санал, нэгдсэн шийдвэрийг 2018 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсэгт шилжүүлж, тэд үндсэн чиглэлд тусгах юм.  

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал уг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Төсөв хэлэлцэн батлахаас өмнө ИТХ-ын төлөөлөгч, сумдын Засаг дарга, зарим ТББ, зөвлөл, хороодын саналыг сонсч, зайлшгүй шаардлагатай хөрөнгө мөнгө шаардсан арга хэмжээнд ач холбогдол өгөх ёстой. Тэгээгүйгээс үүдэж төсөв батлагдсаны дараа хөрөнгө санхүү шаардсан ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт ирж, түүнийг шийдвэрлэх боломжгүй байдал үүсдэг” гэдгийг онцолж байлаа.

Одоо тэд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар холбооны дарга, гишүүдтэй уулзаж, 2018 онд Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар ажил, арга хэмжээ хийх талаар санал солилцож байна.

Уулзалт сумдын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. 

2017-11-28 19:45:07