• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн зарын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд төрийн алба бүх шатандаа сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хариуцсан ажилдаа аливаа албан хаагч хариуцлагатай байх шаардлагын дагуу аймгийн Засаг даргын санаачлагаар удирдах ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд аймгийн газар хэлтэс, албадын дарга менежерүүд болон бүх сумдын удирдлага зэрэг 217 удирдах албан тушаалтан оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд Засаг дарга Г.Батжаргал аймгийн сүүлийн таван жилийн сахилга хариуцлагын өнөөгийн байдлын талаар илтгэл мэдээлэл тавьж төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчид ямар зөрчил дутагдал түлхүү хэмжээнд гаргаад байгааг тоо баримтаар дурдлаа.

Тоо баримтнаас харахад сүүлийн таван жилийн байдлаар хэрэг зөрчил гаргасан төрийн албан хаагч нарын гаргасан зонхилох зөрчил нь архидан согтуурсан, хэрүүл маргаан гаргасан, замын хөдөлгөөний зөрчил, бусдын биед халдсан тохиолдолууд байна.

Цаашид энэ мэт хэрэг зөрчил гаргасан төрийн албан хаагч нэг бүртэй хатуу хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөх арга хэмжээг тухай бүр тооцож явхаас гадна удирдаж буй газар бүрдээн төрийн ажлын бүтээмж, ёс зүйн манлайллыг бий болгож ажиллах ёстойг зөвлөгөөнд оролцогчдод аймгийн Засаг дарга хатуу анхааруулав. Энэ талаар ч Засаг дарга удирдлагуудтай байгуулах үр дүнгийн гэрээн дээр тусгасан гэлээ. Төрд ажил алба хашиж байгаа хэн ч бай насны зөрүү, туршлагаас үл хамааран хүн бүртэй адил тэгш хүндэтгэлтэйгээр ТА гэж харьцах хандлагыг өөртөө хэвшүүлэн иргэнээ дээдэлж ажиллах ёстой гэдгийг онцлов.

Өдөр тутам ажлын ширээний ард утсаа оролдож сошиал орчны худал үнэн мэдээллээр хэрэн хэсүүчилсэн ажил албан хаагч олширсон байгааг дурдаад цагийн бүртгэлийн системд байгууллага нэг бүр дорвитойхон нэвтэрч тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын цаг ашиглалтаа сайжруулах нэн шаардлагатай байгааг сануулав. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГазар ирэх 03 дугаар сараас эхлэн фэйсбүүк, сошиал орчны хэрэглээг ажлын цагаар хаах шийдвэр гаргаснаа удирдах албаныханд дуулгаж энэ жишгээр ажиллахыг уриаллаа.

Зөвлөгөөнд оролцсон сумдын удирдлагууд нутаг орны өвөлжилт, өвс тэжээлийн нөөцийн талаар түлхүү санал гаргаж байлаа.

Сум болон байгууллагуудын 2017 оны үйл ажиллагаанд шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын тайланг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн танилцуулж тухайн сум орон нутаг, байгууллагадаа шинээр нэвтрүүлсэн, хийж хэрэгжүүлсэн олон ажил арга хэмжээг жишээ татан дурдаж хийе гэвэл арга олдоно, хийхгүй гэвэл шалтаг олдоно гэдгийг нийт удирдлагуудад сануулан цаашдаа анхааран ажиллахыг хүслээ.

Удирдах ажилтны сахилга хариуцлагын зөвлөгөөний төгсгөлд албан газар, сум орон нутгаа сайтар удирдан чиглүүлж яваа удирдлагуудын хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг сайшааж үнэлсэн нь тэдэнд ажиллах ихээхэн урам зоригийг өгсөн болов уу.

Аймгийн хэмжээний 2017 оны ажил үйлсээрээ  20 сумдаас Баянхонгор аймгийн Баянцагаан сум тэргүүлж 2,000,000 сая төгрөг, удаах байранд Хүрээмарал сум орж 1,500,000 төгрөг, 3-р байранд Шинэжинст сум орж 1,000,000 төгрөгийн шагналыг хүртсэн бол агентлаг газар хэлтсүүдээс ажлын үзүүлэлтээр Цагдаагийн газар тэрүүлж 1,000,000, 2-р байранд Татварын хэлтэс орж 800,000, 3-р байранд ХХҮГ болон Онцгой байдлын газар орж  500,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Ирэх жил төрийн албан хаагч нар болон тэднийг удирдан чиглүүлж яваа нийт удирдлагуудынхаа ажил бүтээмжийг илүү өндөрсгөж шинэ шатанд гаргаж, аливаа доголдол эрсдэлгүй болгохын тулд сайн ажиллаж байгаа бүхнийг урамшуулахдаа урамшуулсан шиг урамшуулах болно гэдээ Засаг дарга Г.Батжаргал албан ёсоор мэдэгдэж ирэх жил шагналын хэмжээг 10 сая хүртэл төгрөг болгон нэмэгдүүлж байна гэлээ.  Монгол төрд ажил алба хашиж байгаа энэ хонгор сайхан нутгийн нийт төрийн албан хаагч нартайгаа  эх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёгүй сэтгэлээр хамтдаа зүтгэх болно хэмээснээр Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудын сахилга хариуцлагын зөвлөгөөн өндөрлөлөө. 

2018-02-02 04:08:25