• 12 сарын 24, Мягмар гараг
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
145 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн байгууллагуудын зөвлөгөөнийг аймаг орон нутгийн бодлого чиглэлийг танилцуулах, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хоорондын болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор 2018 оны 02 сарын 09-ний өдөр Баянхонгор хотод аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба амжилттай зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч олон улсын байгууллагуудын төлөөллүүд, аймаг орон нутгийн төрийн байгууллагын удирдлагууд, орон нутагт төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллаж буй төслийн зохицуулагчид нийт 52 төлөөлөл оролцов. Баянхонгор аймагт 2018 байдлаар гадаадын зээл тусламжаар 8 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк, Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг, Мерси Кор, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүд ирж оролцлоо.

Хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн удирдан явууллаа. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, Засаг даргын орлогч Б.Батсуурь үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж, төсөл хөтөлбөрийн зүгээс аймаг орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийлсэн. Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын ахлах зөвлөх Ц.Баярхүү хөгжлийн албан ёсны тусламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ. Монгол улс нь 1991-2017 онд зээлээр 4,1 тэрбум ам.доллар, буцалтгүй тусламжаар 2,6 тэрбум доллар авсан байна. Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн аймаг орон нутгийн төрийн бодлого чиглэлийн талаар танилцууллаа. Төсөл хөтөлбөрийн үндсэн зорилго, чиглэл нь орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй нийцэж байх хэрэгтэй бөгөөд олон талын оролцоог яаж хангаж ажиллах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хяналт шинжилгээг сайн явуулах, гарсан сайн туршлагыг нэвтрүүлж, алдаа дутагдлыг засаж залруулах, тулгамдаж байгаа асуудлаа хамтран шийдэж байх хэрэгтэй. Төсөл хэрэгжээд дууссаны дараа тогтвортой байдлыг хангах нь гол асуудал бөгөөд зөвлөгөөний гол ач холбогдол болохыг онцолж байв. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр 2000 оноос хойш гадаадын зээл тусламжаар Баянхонгор аймагт хэрэгжсэн төслийн талаар мэдээлэл хийсэн.

 

Баянхонгор аймагт 2000 оноос хойш гадаадын зээл тусламжаар хөдөө аж ахуйн салбарт 9, байгаль орчныг хамгаалах 7, боловсролын салбарт 20, эрүүл мэндийн салбарт 19, хүн амын эмзэг бүлгүүд рүү чиглэсэн 5 , нийт 61 төсөл хэрэгжүүлжээ. Зөвлөгөөнд Баянхонгор аймагт 2018 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн ОУБ-ын Баянхонгор – 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай, Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл, Залуучуудын хөгжлийн төв, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Орон нутгийн цогц хөгжил түншлэл, Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төсөл, Францын Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ТББ-ын Тогтвортой ноолуур төсөл, Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол улсын Сангийн яамнаас хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа – 3 төсөл, Баянхонгор аймаг дахь Улаан Загалмайн хороо тус тус төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа. Мөн хэрэгжээд дууссан төслүүд болох Дэлхийн Зөн – 1, Мерси Кор ОУБ-ын Говийн санаачлага төслийн төлөөллүүд урилгаар оролцож, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Баянхонгор аймагт гадаадын зээл тусламжаар 2000 оноос хойш хамгийн олон төсөл хэрэгжсэн салбарууд болох боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын талаарх мэдээллийг ХХААГ-ын дарга Ж.Баттөр, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга С.БатцэцэгБСУГ-ын газрын дарга М.Мөнхбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Дуламсүрэн нар тухайн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд болон тэдгээрээс авч үлдсэн сайн туршлага, ололттой тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид төсөл хөтөлбөрийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхсон асуултдаа хариулт авч, энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл болж байгааг онцолж байв. Энэ үеэр төслийг хэрэгжүүлэх санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч байгууллагууд аймгийн Засаг даргатай гэрээ, хэлэлцээр байгуулж ажиллах, гэрээг дүгнэдэг байх, үр дүнгийн талаар аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж, цаашид авах арга хэмжээ, дараагийн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран төлөвлөдөг байх , төсөл хөтөлбөрийн байгууллагууд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх саналаа жил жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж ажиллах, төслүүд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүлээлгэн өгөх, уламжлуулан нутагшуулах талд анхаарах гэсэн санал, зөвлөмжүүдийг гаргав.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн цаашдын хамтын ажиллагаандаа зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг анхаарч ажиллах тухай дурдаж, төслийн тогтвортой байдлыг хангахад аймаг орон нутагт бэлтгэгдсэн хүний нөөцөөр дамжуулан төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгааг тодотгож, төсөл хэрэгжүүлж буй байгууллагуудад дахин талархал илэрхийлж “Талархал” гардуулснаар зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөлөө.

2018-02-11 23:57:02