• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сар шинийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч 100-гаас дээш настай, аймгийн ИТХ, ЗДТГ 90-ээс дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Уг уламжлалын дагуу аймгийн удирдлагууд Баянхонгор сумын 90-ээс дээш настнуудад Тийн унжлагат хэмээх нохой жилийн босгон дээр хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор сумын гуравдугаар багийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж аймгийн ИТХ, ЗДТГ-ын гарын бэлгийг гардууллаа.

Тэрээр Баянхонгор сумын гуравдугаар багийн иргэн, өдгөө 105 насыг зооглож буй Чойжингийн Цэнд гуайхаар зочиллоо. Ч.Цэнд 1913 онд төрж байжээ. Өдгөө үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд ийнхүү нохой жилтэйгээ золгож байна. Түүнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын бэлэг, аймгийн ИТХ, ЗДТГ-ын гарын бэлгийг гардуулж, эрүүл энхийг хүсэн сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөлийг өргөлөө.

Үүний дараа Засаг дарга Г.Батжаргал гуравдугаар багийн өндөр настан 93 настай Гончигийн Дулам, 92 настай Гомбосүрэнгийн Цэдэв, Дагдангийн Ишиг нарын гэрээр зочилж, хүндэтгэл үзүүллээ.

Настнууд талархсан сэтгэлээ илэрхийлж, урт удаан насалж, улс, нийгэмдээ ихийг хийж бүтээхийг аймгийн Засаг даргад ерөөлөө. Мөн залуу хойч үеэ хөдөлмөрч, бүтээлч байж, залуу насандаа хань, гэр бүл, аймаг орон нутгийнхаа сайн сайхны төлөө уйгагүй ажиллаж, хөдөлмөрлөхийн чухлыг онцлон захив. 

2018-02-14 04:43:11