• 12 сарын 24, Мягмар гараг
МЭНДЧИЛГЭЭ
138 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Хонгор нутгаар овоглож, Хонгор нутагтайгаа хүйн холбоотой ажиллаж, амьдарч, нутгийн хөгжилд түүчээ болж буй элэг нэгт түмэндээ билгийн тооллын XVII дугаар жарны “Нөхөрсөг” хэмээх шороон нохой жилийн хаврын Тэргүүн сарын сар шинийн нэгний мэнд дэвшүүлье.

 

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг, орон нутгийн хэмжээнд баримтлах бодлого чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөгөө батлан гаргаж 2017 онд аймгийн ИТХ-ын хуралдаан 5 удаа,  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 13 удаа хуралдаж, 160 гаруй асуудлыг хэлэлцэж, 152 тогтоолыг батлан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний төсөв, орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, хөгжлийн төлөвлөлтийг бүрдүүлэхийн төлөө УИХ-ын гишүүдийн зүтгэл, аймгийн удирдлага, нийт хамт олны идэвх зүтгэлийн үр дүнд манай  аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2017 онд 3,9 тэрбум төгрөг байсан бол 2018-2019 онд 36,3 тэрбум төгрөг болж өслөө.

 

 “Алтан унжлагат” хэмээх тахиа жил та бидэнд ивээл буянаа хайрлаж олон алдартан төрөн гарч, төр түмнээрээ хөдөлмөр бүтээл, авьяас билигээ үнэлүүллээ. Монгол Улсын Ардын багш цолоор Баянбулаг сумын уугуул С.Дулам, Гавьяат малчин цолоор Баацагаан сумын Б.Доржпүрэв, Гавьяат дасгалжуулагчаар Ц.Шийрэв, Гавьяат эмч цолоор Л.Чулуунбат, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Чулуунбат, Гавьяат барилгачин цолоор Д.Найдан нар шагнагдаж, Монгол Улсын хэмжээнд Баянхонгор аймгаас төрөн гарсан Ардын болон гавьяат цолтон 130-аас давсан сайхан амжилтаар цагаан сарыг угтаж байна.

 

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө "Улсын Аварга малчин, Аварга саальчин, Тэргүүний тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хонгор нутгаас Өлзийт сумын малчин Сангидоржийн Ганбат, Жинст сумын малчин Намдагийн Мөнхжаргал, Баянхонгор сумын малчин Даржаагийн Батсүх, Баян-Овоо сумын малчин Дагвадоогийн Равдан, Баянцагаан сумын малчин Наранцэцэгийн Ганхуяг, Баацагаан сумын малчин Сангидоржийн Эрдэнэ-Очир, Баянлиг сумын малчин Бадамхоролын Энхбат, Эрдэнэцогт сумын малчин Рэнцэнгийн Нармандах, Хүрээмарал сумын малчин Лхамаагийн Балдангомбо, Богд сумын малчин Цэрэндоржийн Лүндэнбат нар Улсын сайн малчнаар, Баянхонгор аймгийн Өлзийт сумын саальчин Адьяагийн Эрдэнэбилэг, Баянлиг сумын саальчин Түндэвийн Оргил нар Улсын аварга саальчнаар тус тус  тодорч хамт олноо хошуучилсанд  баяр хүргэж, амжилт хүсье.

 

Угтан ирж буй НОХОЙ жилд хотол түмнээрээ хавартаа тавтай, зундаа дэлгэр сайхан, намартаа налгар, өвөлдөө өнтэй тарган байж, айл бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй, элбэг хангалуун, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.



            Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

 ХУРЛЫН ДАРГА ЦАГААНЫ ОТГОНБАЯР

 

 

 

 

 

2018-02-14 22:11:05