• 05 сарын 11, Ням гараг
Хөдөлмөрлөх эрх сэдэвт бүсийн сургалт болж байна
198 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнөөдөр/2018.02.26/ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Фредрих Эбертийн сангийн хамтарсан Хөдөлмөрлөх эрх сэдэвт төвийн бүсийн сургалт Баянхонгор аймагт эхэллээ.

 

Уг сургалтаар Үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хүний эрх, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, “Зөвлөмж”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнх, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, харилцан санал солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах юм.

 

Нийтдээ 60 хүнийг хамарч буй энэ удаагийн сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, дээрх аймгуудад ажиллаж буй Хүний эрхийн үндэсний комиссын  ахлах мэргэжилтнүүд болон МХГ-ын улсын байцаагч нар оролцож байна.

Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаагүй, нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд зөрчилтэй байдаг байна. Ажил олгогч болон ажилтан хооронд байгуулж буй хөдөлмөрийн гэрээний зөрчил, ажлын байрны гэмтэл бэртэл, цалин хөлсний маргаан, нийгмийн хамгаалал бүрэн хангагдаагүй зэрэг зөрчил дутагдал байсаар байгааг талууд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс дээрх асуудлыг нэг мөр болгох, хөдөлмөрлөх эрхийг хангахад ахиц гаргахад сургалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэллээ.

 

Тэд Хөдөлмөрлөх эрх ба Үйлдвэрчний эвлэлийн тулгамдсан асуудал, Хүний эрхийн ойлголт болон хүний эрхийн зөрчил, үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлан тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний эрхийн асуудал болох тухай, хамтын гэрээ хэлэлцээр, ажил хаялт хийх эрх, хөдөлмөрлөх эрх нь хүний эрхийн нэн чухал хэсэг болох, улмаар цалин хөлс, ажил амралтын горим, түүнд тавих хяналт зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрнэ.

 

Сургалт хоёр өдрийн үргэлжилнэ. 

2018-02-25 20:13:01