• 05 сарын 11, Ням гараг
Монгол Улсын баатар Н.Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөлөө
245 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Эх орончдын өдөр" өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн удирдлагууд, иргэд Монгол Улсын баатар Норпилын Жамбаа агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Норпилын Жамбаа 1918 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг “Эрдэнэтолгой” гэдэг газар мэндэлжээ. Н.Жамбаа 1937-1942 онд Матадын 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хороо болон Хязгаарын цэргийн 24 дүгээр отрядад цэрэг, бага дарга, заставын дарга, 1942-1943 онд ДЯЯ-ны Төв сургуульд сурагч, 1943-1947 онд Дотоодын цэргийн Хамгаалах тусгай хороонд салааны дарга, 1947-1951 онд 5, 6, 24 дүгээр отрядад заставын дарга, 1951-1957 онд Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газарт шуудангийн төлөөлөгч, 1957-1982 онд Ардын армийн Авто тээвэрийн батальонд жолоочоор тус тус ажиллаж, цэргийн албыг тасралтгүй 45 жил хаагаад гавъяаныхаа амралтанд гарсан ахмад дайчин байв. Тэрбээр Халхын голын 1939 оны байлдаан, Баруун хилийн зэвсэгт тулгаралтанд оролцож, олон удаагийн тулаанд баатарлаг гавьяа байгуулан, цэрэг эрийн үүргээ гарамгай сайнаар биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэргийн тэргүүн эгнээнд явж, залуу халуун нас, эр зориг, авъяас чадвараа эх орон, төр түмнийхээ төлөө зориулсан, цогт эх оронч, зоригт баатар хөвгүүн, эрэлхэг дайчин байсан тул ард олноосоо “Эх оронч” алдрыг хүртсэн цэрэг эр байжээ.

Түүнд 1979 онд Монгол Улсын баатар цол хүртээж, “Сүхбаатарын одон”-гоор 2 удаа, “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор 4 удаа, “Цэргийн гавъяаны одон” , “Алтан гадас одон”-гоор 2 удаа, Монгол Улсын ойн ба дайн, Байлдааны ялалтын ойн медалиуд, салбарын хүндэт шагналуудаар удаа дараа шагнаж байв.

 

2018-02-28 22:09:21