• 12 сарын 24, Мягмар гараг
Хэрэглэгчдэд хэрэглээг нь нээлттэй, илүү ил тод болгож ажиллахыг үүрэг болголоо
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилгаар аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд аймгийн томоохон 20 ААН, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тухайн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэвэл зохих ажил арга хэмжээг тодорхойлох, ажилтан, алба хаагчдын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал ямар байдалтай байгаатай танилцах, иргэдийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарсан санал, гомдлыг газар дээр нь барагдуулах ажлыг эхлүүллээ.

Энэ ажлын эхлэл болгож өчигдөр/2018.03.27/ “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн үйл ажиллагаатай  танилцаа.

Өмнөх аймаг, орон нутгийн удирдлага, Засаг даргын зөвлөлийн гишүүд хамтдаа тусгайлсан хөтөлбөр, зорилго чиглэлтэйгээр албан байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтан, албан хаагчидтай ажлын байран дээр нь биечлэн уулзаж, ажиллаж байгаагүйг ажилласан байгууллагын ажилтан, албан хаагчид онцолж байв.

Нөгөө талаар уулзалтаар хөндөгдсөн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон ажиллаж буй ажилтан, албан хаагчийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэснээрээ энэ удаагийн уулзалт үр дүнтэй байлаа.

“Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК нь ТУЗ-ын есөн гишүүнтэй. 84 хүний бүрэлдэхүүнтэй цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянхонгор аймгийн төв болон ойролцоох Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдыг зургаан кв-ын 104,7 км, Шаргалжуут рашаан сувилал, тосгон, Заг, Гурванбулаг, Жаргалант сумдыг 10 кв-ын 150,5 км, Галуут, Баацагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдыг 15 кв-ын 299,5 км, Бөмбөгөр, Бууцагаан сумдыг 35 кв-ын 296,1 км, ЦДАШ-аар тэжээж нийт 853,7 км ЦДАШ, 149 дэд станц трансформатораар дамжуулан 943 ААН, байгууллага, 10362 ахуйн хэрэглэгчид нийт 11305 хэрэглэгчийг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаатай ажилладаг байна.

Компанийн 2017 оны үйл ажиллагааны талаар тус компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Отгонбаатар танилцууллаа.

Түүний танилцуулгад дурдагдсанаар “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн шугамын нийт алдагдлыг 2017 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталснаар 14,9 хувь байсан бол гүйцэтгэлээр 15,77 хувь болж 0,87 нэгжээр нэмэгджээ. Алдагдал өсөхөд 7-10 дугаар саруудад хүчдэл унаж горим алдагдсанаар шугам сүлжээний алдагдал бий болж, ачаалал өссөн зэрэг нөлөөлжээ.

Мөн 149 дэд станц байгаагийн 85 нь “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн харъяалалд байдаг бол 64 нь хувийн ААН-д харьяалагддаг байна.

Цахилгаан, эрчим хүчний дундаж үнэ 2016 онд 134,4 төгрөг байсан бол 2017 оны байдлаар 137,8 төгрөг болжээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн инженер техникийн болон санхүүгийн ажилтнуудаас иргэдийн зүгээс түгээмэл ирдэг гомдол, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

2018 оныг Монгол Улс Эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа талаар зөвлөлийн гишүүн Д.Мөнхжаргал тодрууллаа.

Тус компани өнгөрсөн онд эрчим хүчний хэмнэлтийг үр ашигтай байлгах үүднээс аудит хийлгэсэн байна. Энэ нь тодорхой үр дүнд хүрчээ. Энэ жил хэрэглэгчдэд чиглэсэн сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Баянхонгор аймаг ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж аймгийн ИТХ-аар батлуулсан. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэмнэлт гэдэг нь эргээд ногоон хөгжлийн бодлоготой уялдах ёстойг санууллаа. Тухайлбал эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрстэй салшгүй холбоотой учраас эрчим хүчийг хэмнэж чадвал байгаль, экологид оруулж буй томоохон хувь нэмэр гэдгийг онцоллоо.

Зөвлөлийн гишүүн Б.Оюутболд шинэ тутам мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн 12,8-д эрчим хүчтэй холбоотой заалтууд байгааг сануулаад уг заалтыг хэрэгжүүлэхэд ямар ажил зохион байгуулсныг тодрууллаа. Тус компанийн хамт олон уг хуулийн талаар, холбогдох заалтыг мэдэх, мөрдөх чиглэлээр сургалт авч, мөрдөж ажиллаж байгаа аж.

Мөн Зөвлөлийн гишүүн С.Рэнцэндагва НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд хэрэглэгчиддээ Е баримтын олголт ямар төвшинд байгааг тодруулав.

Тус компани Е баримтыг бүх банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан олгож байна. Харин интернет, мобайль банк болон АТМ-аар хийсэн гүйлгээний баримтыг орлого хариуцсан нягтлан гаргаж өгдөг байна. Мөн хөдөө орон нутгийн хэрэглэгчид Е баримт авч чадахгүй байна. Нөхөж олгох боломжгүй аж. Тиймээс баримт авах боломжгүй хэрэглэгчдэд гар утас руу нь баримт дээрх сугалааны дугаарыг явуулж бар кодыг бүртгэлжүүлдэг байна. Ингэж бүртгэсэн нь чухал ач холбогдолтой байна. Тухайлбал, 16 мянган төгрөгийн төлбөр тушаасан иргэн сугалаагаар нэг сая төгрөг хожиж баримтаа эргэж авахаар ирж байсан удаатай гэнэ.

Зөвлөлийн гишүүн Ц.Энхтөр цахилгаан, эрчим хүч хэрэглэсний бичилтийг хэрхэн хийж байгаа талаар лавлав.

Өнгөрсөн онд “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг ашиглалтад оруулсан. Энэ төв ашиглалтад орохоос өмнө сар бүрийн 15-16-ны хооронд тоолуурын заалтыг авч, бичилт хийдэг байсан бол одоо таван циклд хэрэглэгчдээ хувааж нэг байцаагч 250 орчим цэгээс тоолуурын заалт авдаг болжээ. Заалтыг авахдаа давхар фото зургийг авч хадгалдаг болсноор илүү бичлээ гэсэн маргаан гарахаа больсон байна. Нөгөө талаар 2017 оны сүүлээр ухаалаг тоолуурын хэрэглээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ онд 1250 ширхэг тоолуурыг 3, 6 дугаар багт нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү тоолуур нь хүчдэл, гүйдлийнхээ утсаар тоолуурын заалтын мэдээллийг өдөрт зургаан удаа төв серверт илгээдэг бөгөөд тоолуурын заалтыг хүн харах шаардлагагүй болох юм. Мөн тухайн хэрэглэгч санаандгүй байдлаар гэртээ цахилгаан хэрэгслээ залгаад мартсан бол энэ тоолуурыг ашигласнаар “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК руу утастахад таван секундийн дотор автоматаар цахилгааныг салгах боломжтой юм.

Нөгөө талаар тоолуур нь өөрөө битүү, шороо тоосжилтгүй орчинд байх техникийн заалттай аж. Хэрэв ил задгай байлгавал ажиллагаа нь доголдох, эдэлгээ богиносох эрсдэлтэй байдаг байна.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэрэглэгч бол хаан гэдгийг хэлээд тус компани үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний эргэлзээ тээнэгэлзээг бүрэн арилгахад анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ. Тиймээс хэрэглээний заалтаа тогтмол хянаж, харах боломжтой, эрчим хүчний хэмнэлтээ хувь хэрэглэгч өөрөө хянаж, зохицуулах боломжтой үйлчилгээг нэн даруй нэвтрүүлэх ёстойг хэллээ.

“Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК энэ оноос ухаалаг утсанд суурилсан апликень нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү аплекешнь нэвтэрснээр хэрэглэгч тоолуурын заалтаа тогтмол өөрөө хянах, төлбөр тооцоогоо хийх, эрчим хүчний хэмнэлтийг үр ашигтай хийх зэрэг олон давуу талыг бий болгох юм.

Зөвлөлийн гишүүн Г.Хоролсүрэн ААН, албан байгууллагын ажилтан, алба хаагчдын цалин сарын сүүлээр ордог. Түүнээс өмнө эрчим хүчний хэрэглээний мөнгийг нэхэмжлэх, улмаар цахилгаан таслах асуудал үүсч байгааг хэлээд сарын сүүлээр тоолуурын заалтыг явуулж, төлбөрийг барагдуулах боломжтой эсэхийг асуулаа.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хүрээнд эрчим хүч хэрэглээний төлбөрийг авах нэг тогтолцоо үйлчилдэг байна. Тиймээс сарын сүүлээр бичилт хийж, төлбөр тооцоог барагдуулах боломжгүйг хэллээ. Харин тухайн хэрэглэгч харилцаж буй банктай байгуулсан төлбөр хийх гэрээний хүрээнд сарын сүүлээр хийнэ гэсэн нөхцөлд цахилгааныг тасалдуулахгүйгээр сарын сүүлээр тооцоог аваад явж байгаа аж.

Ташрамд дуулгахад “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК нь цахилгааны хэрэглээн дээр нэмэгдэж гарч байсан СӨХ-ийн мөнгийг авахаа больжээ.

Цаашид хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний зүгээс гарч буй аливаа гомдол, саналыг богино хугацаанд шийдвэрлэж, одоогийн үйл ажиллагаагаа илүү ил тод, нээлттэй явуулахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал үүрэг болголоо.

Ийнхүү аймгийн Засаг дарга болон зөвлөлийн гишүүд “Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн удирдлага, ажилтнуудтай уулзсанаар энэ удаагийн албан байгууллагад ажилласан ажил дууслаа.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд энэ мэтээр цаашид 18 байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

 

 

2018-03-27 18:50:16