• 12 сарын 24, Мягмар гараг
ШАГАЙН ХАРВААН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 250 ГАРУЙ ХАРВААЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
225 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм. Энэ үнэт өв 2014 онд дэлхийн соёлын биет бүс үнэт өвөөр бүртгэгдсэн байдаг.

Үндэсний энэ наадгайгаа хөгжүүлэх зорилгоор Баянхонгор аймаг 1987 оноос хойш шагай харваачдынхаа дунд олон төрлийн тэмцээн уралдааныг явуулж ирсэн ба 31 дэх жилийн тэмцээн уралдаан нар хур тэгширсэн хаврын сайхан өдрүүдэд болж байна.

31 дэх жилийн шагайн харвааны тэмцээнийг аймгийн “Шагайн харвааны холбоо”, ЗДТГ, БТСГазар хамтран зохион байгуулж байгаа ба өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Шагайн харвааны холбооны тэргүүн Б.Энхтүвшин, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, БТСГ-ын дарга М.Мэнджаргал нар үг хэлж Хонгор нутгийн нийт харваачдадаа оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байхын ерөөлийг дэвшүүллээ.

Энэ удаагийн тэмцээнд Баянхонгор аймгийн бүх сумдаас насанд хүрэгчдийн 22 баг, хүүхдийн 5 багийн 250 гаруй тамирчид оролцож цуваа харваа болон, багийн харваа төрлөөр хараа хурц, оноо мэргэнээ сорьж байгаа юм.

4-р сарын 20-нд цуваа харваа явагдсан ба энэ төрөлд Баян-Өндөр сумын харваач Т.Ерөөлт түрүүлж удаах байруудад Шинэжинст сумын харваач МУ-ын мэргэн Б.Батбаяр, Шинэжинст сумын харваач, аймгийн гоц мэргэн н.Тогтох нар орж 20 сумандаа 20 онож эхний гурван байрт шалгарлаа.

Аймгийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн шагайн харваан тэмцээнд улс аймгийн алдар цолтой харваачид олноор оролцож байна. Тухайлбал МУ-ын дархан мэргэн -1, МУ-ын хошой мэргэн – 5, МУ-ын мэргэн -8, 40 гаруй аймгийн гоц мэргэн ирж оролцож байгаа нь тус тэмцээний цар хүрээ өргөн далайцыг харуулж, шагай харвах сонирхол бүхий хүмүүсийн нас илт залуужиж байгааг тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ удаагийн тэмцээний шагналыг аймгийн БТСГазар гаргаж байгаа ба түрүүлсэн баг харваачдыг 2,300,000 төгрөгийн шагналын сан хүлээж байна.

Шагай харваа нь зөв хүмүүжлийг тоглогчдодоо олгодог ихээхэн онцлогтой спорт. Ах зах хүнээ хүндлэн дээдлэх, тэднээсээ суралцах өргөн боломжийг залууст тавьж өгдөг бол уухай нь бороо хур дуудаж ган гачиг тайлдаг зэргээр эерэг сайхан билэгдэл дүүрэн агуулдаг байх юм.

Баянхонгор аймгийн “Шагайн харваан холбоо”-нд 700 гаруй тамирчид бүртгэлтэй байдаг ба үүнээс бүх тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцдог 300 гаруй тамирчид байдаг аж. Тэд энэ жил ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ТОЙРОМ хэмээх улсын шинж чанартай томоохон уралдаан тэмцээнийг ХОНГОР нутагтаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба харваачид дор бүрнээ тус тусын үүргийг хүлээж 1000 шагайчдыг нэгэн дор цуглуулж наадуулах ажээ.

 

2018-04-20 23:58:15