• 12 сарын 24, Мягмар гараг
ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ МОД ҮРЖҮҮЛЭХ, ОЙН ЗУРВАСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
145 ХҮН ҮЗСЭН БАЙНА

30 өрхийн амжиргааг дэмжих зорилгоор өнгөрсөн жил эхлүүлсэн ажил өнөө жил ч үргэлжлэх ба тэдэнд жимсний мод, жимсгэнэ тариалах зохимжтой газрыг холбогдох албаныхантай судлаж яваа юм. Энэ хүрээндээ Баянхонгор хотын ногоон байгууламж, ойжуулалтын ажлын нөхцөл байдлыг судлаж танилцав.

Бидний хэлж заншсанаар мод үржүүлэхэд өнөөдрийн байдлаар суулгацын ажил явагдаж байна. Нийт 8 төрлийн 8600 гаруй модтой ба эдгээрийг хамгаалах, арчилж тордох, усалж ургуулах болон бусад ажлыг сум дундын ойн ангийн 3-4 ажилчин гүйцэтгэдэг байна. Энэ том талбайд газар шорооны ажил, ойжуулалтын ажил явуулахад хүн хүчний нэн шаардлагатай байгааг тус газрын дарга Н.Баярсайхан ярьж байлаа.

Сайхан зүйлсийн хажуугаар саар ажлууд ч тус газрыг тойроогүй бололтой. 2014-2015 онд 120 сая төгрөгийн мод буулгасан гэдэг ч хачир дээрээ олигтой ургасан ганц мод ч харагдсангүй. Энэ нь тэгээд үл хөдлөхийн бүртгэлдээ 90 сая төгрөгийн данстай байдаг нь хачирхалтай. Үүнийг аймгийн аудитын газар одоо шалгаж байгаа аж.

Баянхонгор хотоо цөлжилтөөс хамгаалах зорилгоор байгуулсан ойн зурвасыг хамгаалахад иргэдийн оролцоо ихээхэн чухал ажээ. Хашсан хайс торыг эвдэж ордог, тарьсан суулгац модыг хугалдаг, авч явдаг зэрэг зөрчлүүд гарсаар л байгаа гэнэ. Ойн зурвасыг ургуулж арчилахад услалтын системийн тоног төхөөрөмж нь эвдэрч гэмтэснээс улбаалж хиймэл нуурын усны даралт муудаж, талбайг жигд услахад нэн хүндрэлтэй болсон талаараа холбогдох газрын мэргэжилтнүүд аймгийн удирдлагуудад ярьж байлаа.

Тухайн асуудал нэг бүрийг нарийвчлан сонссоны эцэст Засаг дарга Г.Батжаргал нэгэнт хийж эхлүүлсэн ажлыг бид цааш нь сайтар авч явах учиртай. Төр өмчөө хайхрамжгүй хаяхгүй. Болохгүй байгаа асуудалд санаа тавина. Болох бололцоог нь эрэлхийлж хамтдаа шийдвэрлэнэ гэлээ.

 

2018-04-24 02:56:36