• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР АЙМАГ БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бэлчээр ашиглалтыг түүний нөөц чадавхид тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журмыг бүх нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг өнөөдөр Баянхонгор аймаг улсын хэмжээнд анхдагч болгож зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлэхдээ манай сум бүрийн өмнө тулгамдаад байгаа асуудал учраас асуудал нэг бүрээ ярилцаж тодорхой шийдэлд хүрэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэлээ.

2014 онд хийгдсэн судалгаагаар Монгол улсын бэлчээрийн 65 хувь нь доройтсон бол Баянхонгор аймаг бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний дүнгээр нийт бэлчээрийн 50 гаруй хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсоноос нутгийн тэн хагаст бэлчээрийн чанар бүтээмж мууджээ. Баянхонгор аймаг 2017 оны байдлаар 4,5 сая толгой мал тоолуулсан ба 2010 онтой харьцуулахад 2,6 сая-аар өссөн байна. Энэ дүн болон тоолуулсан малын тоог сумдын бэлчээрийн боломжит даацтай харьцуулж үзэхэд дунджаар 2-6 дахин хэтрэлттэй байгаа нь тогтоогджээ.

Бэлчээрийг доройтлын түвшин болон сэргэх чадавхиар нь авч үзвэл байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй, соргог хэвээрээ байгаа бэлчээр 40 гаруй хувь, хоёрдугаар түвшин буюу байгалийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж, бага зэрэг доройтсон бэлчээр 33,7 хувь, гуравдугаар түвшин буюу бэлчээрийн чанар дунд зэрэг доройтож, ургамлын бүтэц, бүрэлдэхүүн, нь өөрчлөгдөж, мал иддэггүй өвс, ургамлын хэмжээ нэмэгдсэн бэлчээр 14,5 хувь, дөрөвдүгээр түвшин буюу үлдсэн хэсэг нь бэлчээрийн чанар хүчтэй доройтож, байгалийн унаган зүйл ургамлууд нь лууль, шарилж зэрэг мал иддэггүй ургамлуудаар солигджээ.

Монголын бэлчээр ашиглагчдын холбооноос бэлчээрийн доройтлын талаар судалгаа одоогоор явуулж байгаа ба 2 сар гаруй хугацааны дараагаар эцэслэгдэн дуусаж мэдээлэгдэх юм байна.

Тус хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн 20 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ХАА, МАА-н салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцсон ба Монгол улс түүн дотроо Баянхонгор аймгийн бэлчээрийн талаарх бодлого болон монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос өгсөн мэдээлэл дээр үндэслэн өөрсдийн нутаг бэлчээр дээр тулгамдаад байгаа олон асуудлыг хамтдаа ярилцаж бэлчээр ашиглалтыг хэрхэн хариуцлагажуулах тухайд хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд олон санал гарч байв. Тухайлбал Сайн малчин шалгаруулах журамтай бэлчээр ашиглалтын журмыг уялдуулах, бэлчээр ашиглахдаа хамгаалах, даацаас хэтэрсэн малдаа малчид төлбөр төлдөг болгох зэргээр олон саналууд гаргаж байлаа.

Бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журмын хэлэцүүлэгт “Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, аймгийн удирдлагууд, холбогдох газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд байлцаж сумдаас гарсан санал хүсэлт бүрт хариулт зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцогсод тодорхой асуудлуудад бүх нийтээрээ анхаарлаа хандуулан бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журмын хүрээнд хэрхэн ажиллахаа төлөвлөж тогтлоо.

2018-04-25 02:57:37