• 12 сарын 24, Мягмар гараг
БАЯНХОНГОР: Бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх харилцааг зохицуулна
236 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр/2018.04.27/ болж байна.

Энэ удаагийн хуралдаанаар Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төсөл, Баянхонгор сумын багийн хилийн цэсийг өөрчлөх тухай, 2017 оны уул уурхайн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, зарим газрыг тусгай хэрэгцээнд татах тухай зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдааны эхэнд Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төслийг хэлэлцлээ.

Хоёр жилийн хугацаанд хийсэн судалгаа, иргэд, малчдын дунд явуулсан санал асуулгад үндэслэн уг журмыг боловсруулжээ. Энэхүү журам нь тухайн жилийн бэлчээрийн даацад тохирсон бэлчээрийн мал аж ахуйг эрхлүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог.

Баянхонгор аймаг нь газрын нэгдмэл сангийн ангиллаар 11,6 орчим сая га газар нутагтай. Үүнээс 8,8 сая гаруй га бэлчээрийн талбайтай. Бэлчээрт ашиглагдахгүй чулуурхаг газар, уул толгодын оройн хэсэг болон зэрлэг ан амьтдын бэлчээрийн нөөцийг үлдээж, нийт бэлчээрийнхээ 78,3 хувийг ашиглаж байна. 2011 онд хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89.4 толгой болж өссөн.

Аймгийн хэмжээнд өвөл-хаврын, зун-намрын гэсэн бэлчээр ашиглалтын хэлбэр зонхилдог боловч бэлчээр сэлгэх ойрын болон алсын отор нүүдэл хийх байдал үндсэндээ орхигдон төв суурин газар, ил задгай устай газрын бэлчээрийг жилийн туршид ашиглаж байгаа нь  цэгэн талхлагдалт үүсгэж, нийт бэлчээрийн 14,5 хувь буюу 1,2 сая га.бэлчээр тодорхой хэмжээгээр доройтоод байна. Мөн эрдэмтдийн тооцоолсноор нийт бэлчээрийн 65% нь доройтож байна гэсэн судалгаа бий. Сум орон нутаг өөрсдөө бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, хамгаалах асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж бие даан хөгжих, малчид, хот айл, малчдын бүлэг нөхөрлөл, БАХ-н хэлбэрт шилжих зайлшгүй шаардлага тавигдаж байна.

Сүүлийн 5 жилийн байдлаас харахад мал сүргийн тоо толгой жил дараалан өсч тэр хирээр бэлчээрийн даац багтаамжийг нэмэгдүүлж байна. 2017 онд аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай,  30 орчим хувь гандуу байснаас мал сүрэг тарга хүчээ бүрэн авч чадаагүйн дээр бэлчээрийн даацыг 192 цэгт фото мониторингийн аргаар тооцож үзэхэд бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. 

Бэлчээр доройтоход тэжээлийн үнэт ургамал цөөрч аажмаар мөхдөгийн улмаас мал сүрэгт махан тарга авахуулдаг ургамал давжаарч, сийрэгжин арви нь буурдаг үүний улмаас ургамлын хооронд халцарч нүцгэрсэн газар ихсэн шороон шуурга элбэгшиж, үржил шимт хөрс элэгдэлд ордог.

Энэ бүхэн бэлчээр ашиглалтын талаар аймаг, сум, багт хариуцлагын үлгэрчилсэн журам гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Малчдын дийлэнх олонх нь бэлчээрийн ашиглалтын журам гаргахыг дэмжсэн байна. Энэ журмыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлэн боловсруулжээ.

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төслийг ИТХ-ын XI хуралдаанаар хэлэлцүүлж санал хураахад төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр батлагдлаа. Уг журам батлагдсанаар сум бүр анхан шатны нэгж болох багийн ИНХ-уудаар хэлэлцүүлж, нутгийнхаа онцлогт тохирсон журам, аргачлалыг боловсруулж сумдын ИТХ-аар батлуулан мөрдөж ажиллах юм. Ингэснээр өмнө дурдсанчлан тухайн жилийн бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуй эрхлэх харилцааг зохицуулах эрх зүйн боломж бүрдэж байна.

 

 

2018-04-27 00:33:20