• 12 сарын 24, Мягмар гараг
ЗАГ СУМЫН СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Заг сумын ИТХ, ЗДТГ, нутгийн зөвлөл хамтран энэ сарын 22-25-ны хооронд сум сурталчлах өдөрлөгөө Баянхонгор хотод хийсэн юм.
 
Түүх соёлын яндашгүй баялаг түүхтэй, соёл, урлаг, боловсрол, спортын сайчууд олон олноороо төрөн гарсан Заг нутгийнхан сум сурталчлах өдөрлөгөө амжилттай хийлээ. 
 
4-р сарын 28-нд Заг сайхан нутгийнхаа түүх домгийг хэн сайн мэдэх бэ уралдаанаар сумдаа эхэлсэн тус өдөрлөг 5-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд аймгийн төвд үргэлжлэн явагдлаа. 
 
5-р сарын 23-нд МУ-ын мэргэн Ш.Мөнх-Одын нэрэмжит Үндэсний шагайн харваан тэмцээн, Спортын мастер Ж.Ганчулууны нэрэмжит “Софт волейбол”-ын тэмцээн, Шатрын спортын мастер Э.Мөнхбаярын нэрэмжит Шатрын тэмцээн, Ардын уран зохиолч Т.Галсан багшийн нэрэмжит хүүхдийн яруу найргийн тэмцээн явагдсан бол маргааш өдөр нь буюу 5-р сарын 24-нд аймгийн арслан Б.Баасанбат, Б.Баярсайхан, Д.Батбаяр, Цэргийн арслан Д.Цэрэнтогох нарын нэрэмжит хүчит бөхийн барилдаан, Спортын мастер Ю.Мөнхжин, залуу харваач А.Пүрэвжав нарын нэрэмжит үндэсний сурын харвааны тэмцээн тус тус болж“Гэр бүлийн боловсрол ба гэр бүлийн аз жаргал” сэдэвт лекцийг Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын танхимын эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ тавилаа.
 
Харин өнөөдөр буюу 5-р сарын 25-нд зохион байгуулагчид Заг сумаа сурталчлах соёлын өдрүүдийн нээлтээ Баганат талбайд хийсэн юм. 
Тус арга хэмжээнд Ардын уран зохиолч Т.Галсан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Заг сумын удирдлага түүний хамт олон, тус сумаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд оролцож үгийн сайныг хэлэлцэж, ерөөлийн сайныг дэвшүүллээ. 
 
Энэ үеэр Заг сумаас гаралтай Монголын урлаг соёлын томоохон төлөөллүүд болох Хөсөгтөн, Жонон, Увертюра хамтлаг ая эгшигийн мялаалга өргөсөн бол Заг сумын залуус адуутайгаа, Есөн хөлт цагаан тугтайгаа Баганат талбайгаа нар зөв эргэж түүх шаштирын зам мөрөөр цугласан олныг аялуулав. 
 
Мөн Номун далай сургуулийн 3-р ангийн хүүхэд багачууд Т.Галсан багшийн Монгол хүний зүрхний бичээсийг айзам яруу нэг хэмнэлээр уншин хурсан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.
 
Одоо аймгийн ХДТ-т Заг сумын түүх заншилтай холбоотой уран бүтээлийн үзэсгэлэн гарч байгаа бол үргэлжүүлэн хүндэтгэлийн хурал, баярын концерт болох юм. Тус тоглолтод Заг нутгаас төрөн гарсан урлаг соёлын алдартан, уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх ажээ. 
 
Хүй дарсан цэг, төрөлх нутаг ус, элгэн халуун түмнээ баясгасан Заг сумын сум сурталчилах өдөрлөг ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

2018-05-25 01:00:28