• 12 сарын 24, Мягмар гараг
ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАЛЖУУЛАХ ТӨСӨЛ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ХЭРЭГЖИНЭ
121 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2017 онд Баянхонгор аймаг 300 гаруй сая төгрөгөөр Баянхонгор аймгийн малгүй 100 өрхийг 7662 толгой малаар малжуулж тус төслийг эхлүүлсэн билээ.

Тэгвэл энэ жил буюу 2018 онд мөн 100 өрхийг 350 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулахаар болоод байгаа аж.

Энэ тухайгаа аймгийн Засаг дарга Г. Батжаргал мал маллах сонирхол бүхий хүсэлтээ ирүүлсэн малчидтай уулзах үеэрээ тодорхой мэдээлэл өглөө.

Энэ онд малжуулах төсөлд хамрагдуулж өгнө үү хэмээн 153 өрх өргөдөл мэдээллээ ирүүлээд байгаа юм байна. Эдгээр өрхүүдэд аймгийн ХХҮГ, НБХ-ээс тодорхой шаардлага үнэлгээ хийж эхний ээлжинд 60 өрхийг сонгох ажээ.

Эдгээр 60 өрхтэй аймаг тодорхой зүйлүүдийг тусгасан гурвалсан гэрээ байгуулах юм.

Гэрээнд малчид төсөлд хамрагдан малжаад хөдөө орон нутагруу гарсан бол эргэн аймгийн төврүү нүүж орж ирэхгүй байх, тус өрх сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдээ тухайн сум орон нутагтаа шилжүүлэн авч сургах, сум багийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бэлчээрт ээлтэй ажиллах зэрэг зүйлүүдийг тодорхой заажээ.

Байгуулсан гэрээний хүрээнд төсөлд хамрагдсан малчид 2 жилийн дараа эргэн төлөлтөө хийх юм.

Төслийн санхүүжилтийн 250 саяыг ХНХЯ-ны ХЭДСангаас олгож буй бол Баянхонгор аймаг нэмж 100 сая төгрөгийг өөрсдийн нөөцөөс шийдвэрлэн нэг өрхөд 3.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор тогтжээ.

Гэрээний биелэлтийг дүгнэж үзээд үнэхээр сайн хангасан малчдаасаа аймаг эргэн төлөлт шаардахгүйгээр өрхдөө үлдээж дэмжиж ажиллана гэж Засаг дарга тус иргэдтэй хийх уулзалтын үеэр ярилаа.

Мал маллах чин хүсэл сонирхол, чадавхи бүхий иргэдийнхээ амжиргааг дэмжсэн тус төслийн үр өгөөжийг зорилтот бүлгийн иргэд ийнхүү хүртэж байна.

 

2018-06-05 21:21:20