• 12 сарын 24, Мягмар гараг
БЗДХ-ЫГ ЭРС БУУРУУЛАХ АЖЛЫГ БАЯНХОНГОР АЙМАГ БҮХ ШАТАНД ЦОГЦ ХЭЛБЭРЭЭР 3 САРЫН ТУРШ ЗОХИОН БАЙГУУЛНА
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчлөлөөрөө улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаад хэвшэснийг хэн хэнгүй л мэдэх байх. Уг үйл ажиллагааг гардан явуулдаг боловсон хүчний нөөц маш дутмаг, эмч мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрэлцдэггүй, эрсдэлт бүлгийнхэн аливаа үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс хоцордог, зугтдаг ийм нөхцөл байдалтай байсаар нилээдгүй олон жилийг үзэж байна.

Үүнээсээ болж бэлгийн замын халдварт өвчлөлөөрөө улсад тэргүүлдэг аймгуудын нэгэнд Баянхонгор аймаг одоо хүртэл бүртгэлтэй байна. Энэ асуудлыг дор бүрнээ мэддэг, ярьдаг ч, цөм хүрээндээ ул суурьтай хандаж хөдөлж байсангүй. Бүхий л түвшиндээ онцгой анхаарч цогц байдлаар ажиллаж байж гэмээ нь үр дүнд хүрэх юм байна гэсэн зорилгоор өнгөрөгч өдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал ийнхүү холбогдох мэргэжлийнхэнтэй уг уулзалтыг хийсэн юм.

Өнгөрөгч өдөр буюу 06-р сарын 05-нд Засаг дарга Г.Батжаргал аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага эмч мэргэжилтэн, холбогдох албанынхантай бэлгийн замын өвчлөлийг бууруулах тал дээр хэрхэх тал дээр зөвлөлдөх уулзалт хийлээ.

Уулзалтад Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ЭМГ-ын дарга А.Ганболд, НЭ-ийн дарга Н.Баттогтох, НЭ-ийн Лабораторын эрхлэгч эмч н.Мөнхтуяа, МХГ-ын ЭМ-ийн асуудал хариуцсан байцаагч В.Нарантуяа, БЗДХ-ын Диспансерийн эрхлэгч эмч С.Одонтуяа болон бусад мэргэжилтэн сувилагч нар оролцлоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бэлгийн замын өвчний кабинет нь 2017 онд 5000 орчим иргэдэд үзлэг шинжилгээ хийж 4000 гаруй хүнийг хамруулан урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн сайдын 305-р тоот тушаалын дагуу хүн амын тоон үзүүлэлтээр бодоход манай аймагт тус асуудлыг хариуцсан 7 эмч, 3 бага эмч, 5 сувилагч ажиллах ёстой бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд БЗДХалдварын диспансерт нэг эмч, нэг бага эмч, хоёр сувилагч ажилласаар иржээ. Эмч мэргэжилтний хүрэлцээгүйгээс болоод хөдөө орон нутагруу явж үзлэг оношлогоо, эмчилгээ хийгээд байх боломжгүй зөвхөн аймгийн төвд голлон ажилладаг гэсэн үг юм.

Баянхонгор аймагт бэлгийн замаар дамжих халдвар жил тутамд шинэ тохиолдлууд олширч байгааг тус уулзалтын үеэр диспансерийн эрхлэгч эмч С.Одонтуяа ярьж байлаа. Тухайлбал 2017 онд БЗДХ-ын 810 шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс тэмбүү -110, Заг хүйтэн – 75, Тирхомнази -147, үлдсэн хувийг мөөгөнцөр зэрэг өвчлөлүүд эзэлсэн бол эдгээрээс 385 нь жирэмсэн эх байжээ.

Өвчтөн тус бүрд үзлэг оношлогоо эмчилгээ хийхэд зориулалтын байр савгүй, агаар шүүлтүүргүй, давчиг мөөгөнцөрдсөн орчинд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ажлын байрны аюулгүй байдал алдагдаж туйлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа тухайд аймгийн НЭ-ийн дарга Н.Баттогтох аймгийн удирдлагуудад танилцуулж өвчтөний нууцлал, үйл ажиллагааны зөв зохион байгуулалттай болгох тухайд зурагт саналыг Засаг даргад мэдүүллээ. Мөн тэрээр БЗДХ-ыг бууруулахын тулд эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлж, тэдний цалин хөлсний асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга Г.Батжаргалд тависан юм.

Уг уулзалтад оролцсон тал бүр хэрхэн яаж, ямар аргаар үр дүнд хүрэх тал дээр өөрсдийн санал бодлоо илэрхийлж нилээдгүй хугацаанд зөвлөлдсөний эцэст эхний төлөвлөгөөг гаргалаа.

Нэн түрүүнд ЭМ-ийн сайдын 305-р тоот тушаалыг үндэслэн эмч мэргэжилтнүүдийн орон тоог нэмэхээр боллоо. Ингэхдээ аймаг өөрөө зардлыг нь шийдвэрлэж тухайн чиглэлээр мэргэшиж ажиллах 2 эмч, 2 лабораторийн эмчийг даруй хугацаанд сургах, 2 лаборант, хавьтал болон халдвар судлаач, хавьтал хариуцсан сувилагч тус бүр нэгийг нэмж ажиллуулахаар тогтов. Мөн тус диспансер төвийн зохион байгуулалтыг өөрчлөх засварыг ойрын хугацаанд эхлүүлж зардлыг Засаг даргын нөөцөөс гаргахаар боллоо.

Ирэх 9-р сараас эхлэн БЗДХ-ыг бууруулах аяныг аймгийн хэмжээнд гурван сарын турш өрнүүлж, эрсдэлт бүлэгрүү чиглэсэн, тэднийг оролцуулсан, албадан үзлэг эмчилгээнд хамруулсан олон үйл ажиллагааг цогц байдлаар хийхээр эхний төлөвлөгөөгөө баталлаа. Энэ аяны угтвар бэлтгэл ажлыг сайтар хангаж, сум орон нутгийн сувилагч мэргэжилтнүүдийг тухайн асуудлаар сургаж дадлагашуулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах үүргийг аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлагуудад Засаг дарга үүрэг болгосноор тус зөвлөлдөх уулзалт өндөрлөв.

Ямартай ч ийнхүү бэлгийн замын өвчлөлөөрөө улсдаа толгой цохидог Баянхонгор аймаг тус өвчлөлийг эрс бууруулахын тулд бүх нийтийн хэмжээнд, эрсдэлт бүлгийнхний мэдлэг ойлголтод, тэдний хандлага үйлдэлд тодорхой өөрчлөлт хийхээр анх удаа ийнхүү анхаарал хандууллаа.

Үүнд иргэн таны зөв ойлголт, хандлага ч чухал!!!

2018-06-06 00:40:29