• 05 сарын 12, Даваа гараг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг шийдвэрлэнэ
179 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй өнөөгийн хүндрэл, бэрхшээл, цаашид анхаарах асуудлыг хөндсөн "Бид өөрчлөгчид-We are changers" форумд оролцлоо.

Энэ удаагийн форумд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГХБХБГ, ЭМГ, ХХҮГ, НДХ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг форумын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн бүрээнд бэхжүүлэх, хөгжүүлэх, ХБИ-ийг нийгэмд тэгш оролцох, хөдөлмөрлөх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломжийг хэрхэн хангах талаар талууд санал солилцов.

Баянхонгор аймаг ХБИ-дэд зориулж 2017 онд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.2, төсвийн бусад байгууллагаас 2.5, ААН, байгууллагаас 3.5 сая төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрөөс ХБИ-ий 34 төсөлд 48 сая төгрөгийн санхүүжилтийг олгож 68 ажлын байрыг бий болгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 130 ХБИ-нд 8 сая төгрөгийн сургалт, уг сангийн хөрөнгөөр хэрэгждэг хөтөлбөрийн хүрээнд 39 ХБИ-ийг байнгын ажлын байраар хангах зэргээр 2017 онд нийт 248 ХБИ-нд бодитой дэмжлэг туслалцааг үзүүлжээ.

Нийгмийн халамжийн сангаас 2017 онд 1079 ХБИ-нд 220.8 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт үзүүлсэн байна.

Тэгвэл 2018 он гарсаар аймгийн удирдлагуудын зүгээс авч хэрэгжүүлсэн нэг томоохон ажил нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг барьж байгуулах зураг,төсвийг хийлгэсэн явдал юм. Уг барилгыг барих төсвийг 2019 оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Ингэснээр ХБИ тогтмол үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

Энэ онд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сургалтаар эмч нарыг чадваржуулж, Галуут, Жаргалант Баянцагаан суманд Эмнэлэг магадлах комиссын нүүдлийн хурлыг нийт 9 сумын 298 иргэнийг хамруулан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах, хугацаагүй сунгуулсан болон мэдрэл сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд дахин магадлал явуулжээ. Мөн сонсголын бэрхшээлтэй 45 хүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт оношлогоонд хамруулж, тэдний замын зардалд 1.8 сая төгрөгийг олгосон байна. Мөн аймгийн хэмжээнд төсвийн байгууллага, ААН”д ажиллаж байгаа ХБИ-ийн судалгаа, ХБХүүдийн судалгааг тус тус гаргаад байна. Төсвийн байгууллага, ААН-д нийтдээ 114 ХБИ ажиллаж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 310 хүүхэд бий гэсэн тоо гарчээ.

ХБХүүхдүүдийн 50 нь СӨБ, 220 нь ЕБС-д суралцаж байна. Гэвч энэ тоо эцсийн баттай тоо биш учраас дахин илрүүлэх судалгааг хийхээр ажиллаж байгаа аж. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн бэрхшээлээс хамаарч сургалтын хөтөлбөрийг боловсруулах, багш нарыг сургах шаардлага байгааг форумын үеэр хөндөж байв.

Хуулийн хүрээнд 20-оос дээш орон тоотой байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажиллахаар заасан байдаг байна. Гэвч албан байгууллагууд өөрийн байгууллагад ажиллаж буй хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнээ ХБИ-ий хувиар тооцох явдал гардаг аж. Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн хоорондын ялгааг нарийн гаргах шаардлага байгааг хэлж байлаа.

Нөгөө талаар ХБИ боловсрол, мэргэжил эзэмших боломжийн талаарх мэдээлэл дутмаг байдаг байна. Тэгвэл ХБИ-дэд 8-10 мэргэжлээр мэргэжлийн боловсрол олгодг Сэргээн засах МСҮТ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Нөгөө талаар Баянхонгор аймаг өөрөө Политехникийн коллеж, Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорацыг түшиглэн ХБИ-дэд чиглэсэн мэргэжил олгох богино хугацааны сургалтыг явуулж байгаа ажээ.

ХБИ нийгмийн харилцаанд оролцоход хамгийн чухал зүйл бол хүртээмжтэй орчны асуудал байдаг. ХБИ-нд зориулсан зориулалтын зам, талбай,үйлчилгээний газрын орох, гарах хаалга гээд хүндрэл олон байдаг учраас үүнд анхаарлаа хандуулахыг шийдвэр гаргагчдаас хүсч байлаа.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2018 оны тавдугаар сарын 04-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх журам батлах тухай" захирамж гаргаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын адил хүний эрхэд суурилсан үйлчилгээг саадгүй, бүрэн дүүрэн, тэгш хүртээмжтэй авах, аюулгүй, сонголт, оролцоонд тулгуурласан ээлтэй орчинг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэхийг албан байгууллага, ААН-үүдэд үүрэг болгоод байна. Энэхүү захирамжийг албан байгууллага, ААН-үүд эхнээсээ мөрдлөг болгон хэрэгжүүлээд байна. Захирамжийн биелэлтийг хангаагүй нөхцөлд тодорхой хариуцлага тооцож, биелэлтийг хангуулахад анхаарахаа аймгийн Засаг дарга форумын үеэр илэрхийллээ.

Форумын төгсөлд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, төрийн албан хаагчид тэгш эрхийг хангаж, ижил тэнцүү боломжийг бий болгохыг уриалсан флашмоб арга хэмжээнд оролцож, ХБИ-ийн дуу хоолойг сонсч, тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэж, хамтдаа байхаа илэрхийллээ.

 

 

2018-09-26 18:51:07