• 05 сарын 19, Ням гараг
Аймгийн Засаг дарга хилийн заставт ажиллалаа
85 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийн Батлан хамгаалах газрын даргын хувиар хилийн цэргийн 0166 дугаар ангийн салбар, Цагаан Богд, Хатан суудал, Замын Билгэхийн хилийн заставт тус тус ажиллалаа.

Тэрээр УИХ-ын намрын чуулганаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх, Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-д өргөн барихаас урьтаж өмнөд хөрштэй хиллэж буй Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт орших дээрх заставт ажиллаж хилчдийн санал, хүсэлтийг сонсох, заставт шаардлагатай  ажил, арга хэмжээний саналыг авсан юм.

Заставын зүгээс тавьсан санал хүсэлтийг Хил хамгаалах ерөнхий газар, хилийн цэргийн 0166 дугаар анги зэрэг газруудтай санал солилцсоны үндсэн дээр тодорхой ажил, арга хэмжээг Баянхонгор аймаг өөрийн хэмжээнд шийдвэрлэнэ гэдгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал илэрхийллээ.

Цагаан Богд, Хатан суудал, Замын Билгэхийн хилийн заставт Баянхонгор аймгийн Богд, Баянговь, Баянлиг, Өлзийт, Баянхонгор зэрэг сумдаас цэрэг эрс албаа хаадаг байна. Тиймээс эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, эх орны өмнөд хязгаарт хилийн манаанд зогсч буй байлдагчдаа эргэж, тэдэнд амжилт хүслээ.

2018-10-07 19:22:06