• 12 сарын 25, Лхагва гараг
ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД ИРГЭН БҮРЭЭ ХАМРУУЛАХ ТАЛААР БАГИЙН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ӨГӨВ
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор сумын багийн дарга нартай 15:00 цагт уулзаж “ХОНГОРЧУУД ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА” аянд багийн иргэд нийтээ идэвхтэй хамруулах тал дээр үүрэг чиглэл өгөв.
Уулзалтад Баянхонгор сумын удирдлага, аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, оролцож аяны хүрээнд зохион байгуулах ажил арга хэмжээ, үзлэг оношлогоог хийхдээ хэрхэн яаж хамтран ажиллах талаар санал солилцож, халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын тухайд танилцууллаа.
 
Багийн дарга нарын хувьд багийн иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг ба хүн нэг бүрээ танина. Үзлэг шинжилгээнд бүх нийтийг хамруулах тал дээр өөрсдөө биечлэн хяналт тавьж, нэг ч хүнийг үлдээлгүй үзлэгт хамруулах ёстой. Үүний тулд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч ажиллах ёстойг Засаг дарга үүрэг болгов.
 
Тус аянд Баянхонгор аймгийн насанд хүрсэн иргэдийн 80-90 орчим хувь нь заавалчгүй хамруулахаар төлөвлөсөн ба иргэнийг үзэхдээ ЭМГ, НЭ-ээс ямар нэгэн юм шаардлага тавихгүй хүлээж авах аж. Үндсэндээ эрүүл мэндийн даатгал төлсөн эсхээс үл хамааран танд үзлэг шинжилгээ хийх юм байна. Аян Багцын шинжилгээ, Бэлгийн зам гэсэн 2 үндсэн хэсгээр явагдаж байна. 12-р сарын 25 хүртэлх хугацаанд үргэлжлэх энэ хугацаанд иргэн ямар нэгэн төлбөргүйгээр хамрагдах юм.
 
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх нийтийн үзлэг шинжилгээг томоохон зах худалдааны төв, багийн төвүүд дээр үргэлжлүүлэн явуулах ба эмч мэргэжилтнүүдийн хувьд ихээхэн ачааллыг хүлээж байгаа нь тодорхой юм. Тэдгээрийн хөдөө сумдад ажиллах бензин шатахуун, багаж хэрэгсэл, оношлуур, томилолтын зардал зэргийг аймаг орон нутгаас 100 хувь санхүүжүүлж гаргах ба төрөөс иргэн таны эрүүл мэндийн төлөө хийж буй маш том хөрөнгө оруулалт болж байна.
 
Иймээс иргэн та үүргээ ухамсарлаж энэ аянд идэвхтэй хамрагдаарай. Хэрэв ямар нэгэн санаатай байдлаар тус үзлэг шинжилгээнээс зугтаж болон хоцорвол цагдаагийн албадлага хүртэл авч заавалчгүй хамруулна гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллэж байна.

 

2018-10-30 22:30:33